.png)
ПЁНЬЯН, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /Yonhap/. Умард Солонгост жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Пёньяны олон улсын марафон сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа болж, “COVID-19” цар тахлын улмаас түр зогсоогоод байсан тэмцээнийг дахин зохион байгуулж эхэллээ гэж тус улсын төрийн хэвлэлүүд өнөө өглөө мэдээлжээ.
Умард Солонгос, Хятад, Марокко, Этиоп болон бусад орны тамирчид ням гарагт болсон Пёньяны олон улсын марафон гүйлтийн тэмцээнд бүтэн болон хагас марафон, 10 км, 5 км-ийн төрөлд оролцсон гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
Пёньян хотын Ким Ил Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний нээлтийн ёслолд Шадар сайд Пак Жон Гун, Спортын сайд Ким Ил Кук болон бусад албаны хүмүүс оролцжээ. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ил Сений төрсөн өдрийг дөрөвдүгээр сарын 15-нд тэмдэглэх хүрээнд 1981 оноос жил бүр зохион байгуулж эхэлсэн бөгөөд “COVID-19” цар тахлын улмаас 2020 оноос хойш түр зогсоогоод байлаа.
Нийслэл хотын томоохон гудамжуудаар тамирчдыг гүйн өнгөрөх үед Умард Солонгосын ажилчид болон оюутнууд гараа даллаж, алга ташиж байсан тухай “Rodong Sinmun” сонинд мэдээлжээ.
Бүтэн марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй төрөлд Умард Солонгосын гүйгчид алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн төрөлд Этиопын тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд Умард Солонгосын тамирчин мөнгөн медаль хүртсэн байна. Харин хүрэл медалийг эрэгтэйчүүдийн төрөлд Умард Солонгосын тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын тамирчин хүртсэн бол хагас марафон гүйлтийн тэмцээний бүх медалийг Умард Солонгосын гүйгчид хүртжээ. Сонирхогчдын эрэгтэй марафон гүйлтийн төрөлд Польшийн гүйгчид бүх медалийг хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Хонконгийн гүйгч нэгдүгээр байр эзэлжээ. Умард Солонгос олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулж буй нь гадаадын жуулчдад хилээ нээж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж байна.
Цар тахлын улмаас олон жилийн турш хилээ хаасан тус улс гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлж, хоёрдугаар сарын сүүлээр барууны орнуудын жуулчдыг хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн боловч тодорхойгүй шалтгааны улмаас дахин гэнэт зогсоожээ.
Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам хэлэхдээ, саяхан гадаад аяллыг түр зогсоосон ч Умардын тал марафон гүйлтийг төлөвлөсний дагуу зохион байгуулахаар шийдсэн нь аялал жуулчлалыг сэргээхийг зорьж байгааг харуулж байна хэмээн тайлбарлалаа. Их Британи, Австрали, Сингапур, Итали, Мьянмар зэрэг 46 орны 200 орчим гадаадын иргэн марафон гүйлтийн тэмцээнд оролцоно гэж Умард Солонгост аялал зохион байгуулах чиглэлээр мэргэшсэн Хятадад төвтэй “Koryo Tours” аялал жуулчлалын агентлагаас өмнө нь мэдээлсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0