sonin.mn

Дээд боловсролын тухай хуульд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батлах, бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх тухай заасан. Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна” гэжээ.

Энэ хуулийн хүрээнд Төрийн өмчийн их дээд сургуулиуд Удирдах зөвлөлөө баталдаг. Тэгвэл МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар, ямар хүмүүс багтдаг вэ гэдэг нь сонирхол татаж байна.  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь тухайн сургуулийн жилийн төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан гээд чухал асуудлуудыг хэлэлцэн баталдаг учраас чухал албан тушаал гэдэг нь тодорхой. Мөн Удирдах зөвлөлийнх нь бүрэлдэхүүнд хэн хэн багтаж байна гэдэг нь өөрөө тухайн сургуулийн чанар чансааг тодорхойлох хүчин зүйл болж байна. МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд товчхон анализ хийлээ.

МУИС-ийн хувьд Удирдах зөвлөлийн даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал ажилладаг. Бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Улаанбаатар, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо, МУИС-ийн Төгсөгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Батсайхан, “АПУ” ХК-ийн захирал Ц.Эрдэнэбилэг, “БСБ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан зэрэг салбар салбарын төлөөлөл багтаж байна. 

ШУТИС-ийн удирдах зөвлөлийн даргаар БШУ-ны сайд П.Наранбаярын зөвлөх Д.Гантулга ажилладаг. Бүрэлдэхүүний хувьд нэлээд боломжийн төлөөлөлтэй. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх, “Датаком”-ын ТУЗ-ийн дарга Д.Энхбат, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох зэрэг эрчим хүч, зам тээвэр, иргэний нийгэм, уул уурхай зэрэг төрөлжсөн салбарын хүмүүсээ багтаажээ.

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал ажилладаг. Бүрэлдэхүүнд нь БШУ-ны сайд Б.Наранбаярын зөвлөх, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга нь ХААИС-ийн удирдах зөвлөлд мөн багтжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр эрхмүүд хоёр ч томоохон сургуулийн удирдах зөвлөлийг удирдаж байна. Мөн бүрэлдэхүүнд

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, “Мөнх ногоон тал” ХХК-ийн Бизнес, судалгаа хөгжлийн захирал Б.Батхишиг нар ажилладаг.

МУБИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж байгаа гэлээ. Гэхдээ өмнө нь удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хэвээрээ. Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд ч даргаар ажиллах нь. Одоогийн өөрчлөлтөөр Удирдах зөвлөлийн гишүүдийн одоогийн жагсаалтаас 4-5 хүн солигдож байгаа бололтой, ирэх долоо хоног шинэчилсэн бүрэлдэхүүнээ танилцуулах юм байна.

СУИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг бусад сургуулийнхтай харьцуулахад үүрэг гүйцэтгэгч олонтой байна.  Даргаар нь БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунболд ажиллаж байна. Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа мөн тус сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн. Үүсгэн байгуулагчийн төлөөлөлд Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, Монголын уртын дууны холбооны тэргүүн дуучин Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нарын хүмүүс багтжээ. 

МУИС, ШУТИС, ХААИС-ийн удирдах зөвлөл оны өмнө солигдсон бол СУИС-ийнх он гараад хоёрдугаар сард төрийн төлөөллөө томилсон байна. МУБИС-ийн шинэ бүрэлдэхүүнийг томилох сайдын тушаал удахгүй гарах юм байна.

Энэ удаа бид МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дэлгэрэнгүй танилцууллаа.  Үргэлжлүүлэн АШУҮИС, ҮБХИС зэрэг томоохон их дээд сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар хүргэнэ.


МУИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 


ХААИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 


СУИС-ИЙН Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн



ШУТИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн



МУБИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн



Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин