sonin.mn

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати нар дэлхийн дахинаа өрнөж буй үйл явдлуудын талаар “ТВ-9” телевизид ярилцлага өгчээ. Тэдний байр суурийг хүргэе.


 


-Өнгөрөгч өдрүүдэд олон улсад маш чухал үйл явдлууд өрнөлөө. Тухайлбал, Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-д айлчлал хийлээ. Айлчлалаар Д.Трамптай хийсэн хэлэлцээ амжилтгүй болсон. Үүний дараа В.Зеленский “Энх тайвны хэлэлцээ хийхийн тулд Украин болон Европыг оролцуулах ёстой” гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн. АНУ аюулгүй байдлын баталгаа, Европоос мөн аюулгүй байдлын баталгаа гаргах ёстой. Үүний дараа Украин хэлэлцээнд нэгдэнэ гэсэн асуудлыг ярилаа. Үүнээс хойш АНУ НАТО-д байх ёстой юу гэсэн асуудлыг хүртэл ярьсаар байна. Ер нь дайныг зогсоох Д.Трампын санал санаачлага хэр үр дүнтэй байх бол. Та нөхцөл байдлын хэрхэн дүгнэж байна вэ?


Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:- Олон улсад үнэхээр сонирхолтой үйл явдлууд өрнөж байна. Өдөр бүр шинэ нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ба түүний багийнхны явуулж байгаа бодлого, хийж байгаа алхамтай шууд холбоотой. Ерөнхийлөгч В.Зеленский, Д.Трамп нарын Цагаан ордонд болсон уулзалтын уур амьсгал нэлээд халуухан болсон. Үүнийг олон улсад янз бүрээр дүгнэж байна.