sonin.mn

Орчин тойрондоо байгаа амьтай болон амьгүй бүх юмсын ашигтай болон аюултай бүх шинжийг таньж, тэдгээрийг хэрэглэж сурах явцдаа хүмүүс маш их мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Тэр мэдлэг, туршлага угсаатан болгонд адилгүй байсан нь харин үнэн. Үнэнийг гуйвуулж ойлгох, буруугаар тусган авахад шашин ихэд нөлөөлжээ. Зарим амьтныг бурханчлан шүтэх ч тохиолдол гарч байв.


Хүний дээд өвөг болсон мичүүд модон дээр амьдардаг, өвсөн идэштэн байсан үедээ зөвхөн идэж болох навч, жимс, үндэс мэтийг л сонирхож байсан бол аажмаар махан идэштэн болсон үедээ амьтдыг таних,, ашиглах, агнах, бүр гаршуулах болсон байна.


Хүмүүс анхандаа амьтны айх, амиа хамгаалах (нүхэнд орж нуугдах, зугтаж зайлах, нисэн одох) чадавхыг таньж улмаар агнах, барих мэдлэг олжээ. Маш сайн анчид ч болцгоожээ. Амьтныг зайнаас хөнөөж чадах зэвсэгтэй болсноор өөрсөддөө аюулгүйгээр ан хийж, махан идшийг ч чухалчлах болсон байна. Хүмүүст байдаггүй олон чухал чадвар амьтдад байдгийг таньж чадсанаар амьтдыг өөртөө холбоотон, туслагч болгох санаа буй болж төдхөн оролдлого болон хувирчээ. Хүнээс илүү хүчтэй, илүү хурдтай, шөнө сайн хардаг, маш сайн үнэрч, маш сайн анч гэхчилэн олон олон давуу чадвар амьтдад байгааг ашиглах нь чухал болжээ. Хүмүүс эхлээд л чоныг гаршуулж нохойтой, төдхөн аргаль, янгирыг гаршуулж хонь, ямаатай, одоогоос 5-7 мянган жилийн өмнөөс тахийг гаршуулж адуутай болжээ. Мануулыг гэршүүлж мууртай болсон нь анх тариачдын хийсэн ажил байх. Ан гөрөөний ажилд нохойг ашиглах болсон нь том дэвшил байв. Адууг уналга, ачилганд хэрэглэх болсноор нүүдэлчид, мөн адууг газар боловсруулахад хэрэглснээр тариачид ч ихээхэн хожжээ. Нөөцөлсөн үр тариагаа оготноос хамгаална гэдэг бол цагтаа тун ч чухал ажил байв. Чоно, мануул хоёр чингэж хүний холбоотон, харин адуу бол цэрэг дайчдын нөхөр болсон түүхтэй.


Хүнтэй олон мянган жил ойр дотно байснаар нохой, морь хоёрын уураг тархи ч бусад амьтнаас илүү хурдан, сайн хөгжсөн бололтой. “Алтны хажууд хэвтсэн гууль шарладаг” гэдэг дээ. “Сайн морь, сайн нохой эзэнтэйгээ амь нэгтэй”шахуу байсан нөхцөл, байдал ч тохиолдсоор байжээ.


Нохой, морь хоёр хүнд хүнээс илүү сайн нөхөр болдог талаарх яриа өнөөдөр ч сонсогдсоор л байна. Жишээ нь “Вашингтонд үнэнч нөхөртэй байя гэвэл нохой л тэжээ” гэцгээдэг ажээ. “Унаган адуу эзнээ явгалдаггүй” гэх үг, хэллэг ч буй. Амьтныг туслахаа, холбоотноо болгох санаа уг нь тун ч чухал зүйл. Хүмүүс энэ чухал санаагаа харин маш муу хэрэгжүүлж иржээ. Ер нь тэгс гээд л орхичихжээ. Хурдан буу, хүчтэй техник, элдэв машин зохион бүтээгдсэнээр амьтны хүч, хурд, хурц хараа хэрэггүй шахам болсон байна. Амьтныг циркэд сургаж, тоглуулж болж буйн адилаар модноос самар түүх, бутнаас жимс түүх, уснаас загас барих, үлийн цагаан оготно устгах зэрэг зарим ажилд амьтныг ашиглах боломж ч мөн байгаа юм. Хушны самрыг сармагчингаар түүлгэх аваас мод гэмтэхгүй шүү дээ. Оюун ухаангүйгээр нь шалтаглан амьтны ашиг тусыг үгүйсгэх нь буруу үзэл, хандлага бололтой.


Чоно, мануул, тахь, хулан, аргаль, янгир, хавтгайг гэрийн тэжээмэл болгож чадсан юм чинь харин одоо устахад бэлэн болчихсон (байгальд цөөрчихсөн) зарим амьтдыг гэрийн тэжээвэр болгон өсгөж, үржүүлж болно оо доо?


Устсан амьтдыг дахин үүсгэж болохгүй шүү дээ. Амьд байгаль ядуурахын хэрээр хүмүүсийн амьдрал ч доройтох жамтай. Цагаан зээр, бөхөн гөрөөс, халиун буга, хүдэр, бор гөрөөсийг гэрийн тэжээмэл амьтан болгох нь алсдаа тэднийг бүрэн устахаас хамгаалах найдвартай арга болж ч мэднэ. Зэрлэг ан амьтдын эко орчин улам л хавчигдсаар, багассаар байна шүү дээ. Монголчууд бид таван хошуу малтай болсныхоо адилаар алсдаа арван хошуу малтай болж ч болох юм. Манай орны байгаль, цаг уурын нөхцөлд амьдарч дадсан зэрлэг амьтад гаршиж, гэрийн тэжээвэр амьтад болсноор бид л улам баян болно биз дээ? Тэд зэрлэг хэвээрээ байгальдаа үлдэх нь улам л их эрсдэлтэй болж байна. Их цас зуд, гал түймэр, угсарч үргэлжилсэн ган гачиг, их үер, халдварт өвчин ан амьтдыг 1-2 жилийн дотор л устгачихаж мэдэхээр болчихлоо. Амьтдыг гэрийн тэжээвэр болгох нь тэднийг бүрэн устахаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Өмнө нэрлэсэн таван зүйл амьтнаас нэн ашигтай шинэ үүлдэр гарган авах туршилт хийх хэрэгтэй. Зээр, бөхөн, буга, хүдэр, бор гөрөөс одоо бэлэн байгаа (олон үүлдэр болчихсон) таван хошуу малаас маань ер дутах юмгүй (мах, сүү, арьс, үс, эвэр, цусан эвэр г.м) их ашиг өгөх нь ч тодорхой юм. Гэрийн тэжээвэр амьтад цөөрнө, устна гэх аюулгүй шүү дээ. Энэ талын ажил их хөрөнгө хүч ч шаардахгүй. Манай малчдад мэдлэг, чадвар бэлээхэн л байж байгаа. Өвсөн тэжээлтэй амьтад бол хүмүүст ч, мөн байгальд ч олон талын ач холбогдолтой байдаг. Халдварт өвчинд нэрвэгдсэн малыг эмчилж аварч чадах боловч халдвар авсан ан амьтанг бид вакцинжуулж ч чадахгүй, бас эмчилж ч чадахгүй шүү дээ.


Малын бэлччээр, ан амьтны бэлчээр хоёр нийлчихээд байгааг бодох, тооцох хэрэгтэй. Малд туссан элдэв өвчин дорхноо л ан амьтанд халдварлах болчихлоо. Энэ аюулыг яаж багасгах вэ? Мал, ан хоёрыг зааглах арга олох юмсан! Ихэнх улс орон цөөрч ховордож байгаа ан амьтдаа ганцхүү зоопаркуудад л авч үлдэж байна.


Харин монголчууд бид зоопаркад авч үлдэх биш, гэршүүлж гаршуулж авч үлдэх, бүр өсгөж үржүүлэх, улмаар 10 хошуу малтай болох бодлого баримтлах хэрэгтэй. Малын тэжээл тариалах ажлыг ихэд өргөтгөх аваас бэлчээрийн хомсдол асуудал болохгүй шүү дээ. Ганцхүү хиймэл нуур, цөөрмийн тоог олшруулж, голуудын үерийн усыг хилийн дээс дотроо авч үлдэж чаддаг болох нь чухал юм. Зээр, бөхөн, буга, хүдэр, бор гөрөөсийг гэрийн тэжээвэр болгож өсгөөд, нэг хэсгийг нь бусад улс орны хотуудын зоопаркад худалдаж ч болно. Энэ таван амьтнаас авах ашигтай, ховор бүхэн нь үнэтэй таваар болох нь ч тодорхой юм.

 


Судлаач, профессор Д.Чулуунжав