sonin.mn

Сонин гэдэг хамтын бүтээл байдаг. Ганц мод гал болохгүй гэдгийг сонины редакц батална шүү дээ. Манай сонины эрхлэгчээр ажиллаж байсан, түүхийн шинжлэх ухааны доктор, бэлтгэл хурандаа Х.Шагдар “Сонины газар зожиг айл биш, зочин гийчин цувж байх ёстой” гэж нэгэнтээ хэлсэн дээ. Тэр зочин гийчин нь мэдээж бичсэнээ сонинд хэвлүүлэх гэсэн зохиолч, яруу найрагчдаас эхлээд идэвхтэн бичигчээр үргэлжилнэ. Идэвхтэн бичигчид гэдэг сонины тулгын гурван чулууны нэг, үндсэн ажлаа таслаад сонины редакцын босгыг элээдэг үй олон идэвхтэн бичигч, үнэнч тойрон хүрээлэгчтэйгээрээ цэргийн сонин зэргийн дундаа эрс ялгарч байв. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан нэрт яруу найрагч Долгорын Нямаа гуай “Хот, хөдөөгийн хамаг идэвхтэн бичигчид “Улаан Од”-од шавчих юм, юу өгдөг юм бол, арай хатуу усаар угждаггүй байлтай” гэж хэлсэн удаатай юм билээ. Олон хүнийг угжаад байх хатуу ус нь олдоц муутай бас үнэтэй байсан цаг үе л дээ, цэргийн сонин идэвхтэн бичигчдийн бичиж ирүүлснийг сурвалжлагчдынхаа бичсэнээс илүүд үзэж сонины зай талбайг харамладаггүйд л нууц нь байж.



“Танай сонинд хандсан идэвхтэн бичигч маниасаа ч илүү сэтгүүлчид болчихдог юм билээ. Үүнийг редакцын тогоонд чанагдана гэхээс өөр юу гэхэв. Бусдын бичсэнийг өөрийнхөөсөө илүү засаж найруулж, цаг алдалгүй хэвлэж байгаа юм чинь хандахаас яах вэ. Ингэхэд сэтгүүлчдийн дунд “Улаан Од”-ын школь гэж яригддаг нь үндэслэлтэй юм шүү. Нэг мэдээг хэд ч дахин засдаг юм, хэчнээн хүн тойруулж уншдаг юм, үүнийг л сонины гал тогооны сургалт гэх биз” гэж соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Д.Цогзаяабаатар надад ярьсныг би тэмдэглэн авчээ. Тэрхүү “Улаан Од”-ын школийн сүүлчийн оюутан, төгсөгч, бичиж хэрэгжүүлэгч сэтгүүлчийн нэг нь Д.Эрдэнэчулуун мөнөөсөө мөн билээ.



Шинэ зууны эхэнд цаасан сонин гэхээс илүүтэй цахим хэрэглээ рүү уншигчид хандах, ханарах болов. Идэвхтэн бичигч, сонины ажилтан сэтгүүлч хоёрын дунд нэг орон зай байгааг цэргийн сонины удирдлага гярхай ажиглаж, гэрээт сурвалжлагчийг ажиллуулж эхэлсэн билээ. Гэрээт сурвалжлагч нар идэвхтэн бичигчдээс статус өндөр алба бөгөөд бичлэгийн чанар чансаагаар сурвалжлагч, сэтгүүлчдийн зиндаанд хүрчихсэн уран бүтээлчид. Хөдөөгийн, алсын нэгтгэлд дөрвөн гэрээт сурвалжлагч ажиллуулж байсны нэг нь "Их булаг" цэргийн хүрээ буюу Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн гэрээт сурвалжлагч Дашдондогийн Эрдэнэчулуун байв.



Манай сонины гэрээт сурвалжлагч нарын бичсэн зарим мэдээ, материал редакцын өрөөнөөс толгой цухуйлгах дургүй сурвалжлагч нарыг ичээнэ шүү дээ. Анги, салбараас, цэргийн хуарангаас бичнэ, алсаас тандаж бичих хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Хөдөөнөөс ирсэн хүнээс өвс ногоо, аргалын утаа үнэртдэг гэдэгтэй адил гэрээт сурвалжлагч нарын маань бичсэнээс цэргүүдийн алхаа сонсогдоно. Амьдралын гүнээс гэж ярьдаг ч гэрээт сурвалжлагч шигээ гүнд нь орж чадахгүй ширээний ард сууж байгаа бидэнд тэдний бичсэн мэдээ, материал газар дээрээс нь бичнэ гэж иймийг хэлдэг юм гэж хурц тод мэдрүүлнэ. Эрдэнэтээс Д.Ломбуудорж, Ж.Пүрэвдорж, Өмнөговиос Д.Эрхэмбаяр, Өвөрхангайгаас Д.Эрдэнэчулуун нар маань хангай говь үнэртүүлсэн, хэвлэхгүй байхын аргагүй олон арван сурвалжилга, мэдээллээр сонины редакцыг “бөмбөрдөж” байсан үе бий дээ. 


Гэрээт сурвалжлагч Д.Эрдэнэчулуун сонины дугаар бүрт мэдээ, материал илгээхийн зэрэгцээ аймгийн Цэргийн штаб, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг орон нутагт сурталчлахад ихээхэн санаачилгатай ажилласан юм. Энэ ажилд нь өмнө нь манай сонины гэрээт сурвалжлагчаар ажиллаж байсан, “Өвөрхангайн мэдээ” сонины эрхлэгч, сэтгүүлч Ж.Оюунжунай мэргэжлийн дэмжлэг үзүүлж байсан нь Д.Эрдэнэчулууны бичлэгийн ур чадварт ч нөлөөлсөн дөө.

Д.Эрдэнэчулуун гэрээт сурвалжлагчаар ажиллахын зэрэгцээ ангийн урлаг соёл, сурталчилгааны бүхий л ажилд шахалтаар биш санаачилгаар оролцоно. Тэрээр бичихийн зэрэгцээ гэрэл зургийг донжийг нь тааруулаад авчихна. Ангийн "Дайчин алдар"-ын танхимын фото зургийн баяжилт хийж, ангийн үйл ажиллагааг өглөөний бослогоос оройн тоо хүртэл гэрэл зургийн фото самбар, бараг үзэсгэлэн маягаар ойр ойрхон шинэчлэн гаргана. Би бээр тус ангид сурвалжлах ажлаар очихдоо гэрэл зураг аваагүй, Д.Эрдэнэчулууны үйл хөдлөлтэй, өгүүлэмжтэй зургуудаас аваад л бичлэгийнхээ дунд оруулчихсан, шигтгээ шиг л харагдана билээ.


256 дугаар ангийн соёл урлагийн бригад Өвөрхангай аймгийн нийт сумдаар түүнчлэн Зэвсэгт хүчний анги, салбар, хилийн цэргийн отряд, заставуудаар сурталчилгааны ажлыг явуулахад захирагчийн орлогч дэд хурандаа Д.Очирбал, клубийн дарга СТА Ц.Сүхбаатар, СТА Ж.Отгонбаяр, СТА Банзрагч, СТА Д.Түмэнбаяр нартай хамтран ажиллаж, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж явснаа дурсан ярих дуртай. Тэр заримдаа итгэмгүй ч соёл гэгээрэлд нэн тустай ажил хийнэ. Жишээлбэл, үл мэдэгч цэргүүдэд 45 хоногийн хугацаанд хэл бичгийн хичээл зааж, уншиж бичдэг болгочхож байгаа юм. Уянгын халилыг нь хэтрүүлбэл бүр хуучин монгол бичгээр ч хичээл заасан удаатай гэнэ.


Цэргийн ангийн гол ч гэх юм уу, чухал ажлуудын нэгд хугацаат цэргийн алба хаагчтай тулж ажиллах, тэдний сэтгэл санааг сэргээх, албандаа хандах хандлага, итгэлийг өдөөх явдал юм. Ангийн сургалт, соёл хүмүүжлийн албаны нэг эд эсийн хувьд гэрээт сурвалжлагч Д.Эрдэнэчулуун санаачилгатай ажиллаж цэргүүдийн алба хаах үеийн үйл ажиллагааг бүрэн харуулсан “Миний залуу нас цэрэг явлаа” 45 минутын CD бичлэг, “Дурсамж” гэрэл зургийн цомог хийж дурсгаж байв.


Д.Эрдэнэчулуун манай сонины гэрээт сурвалжлагчаар 2007-2017 онд арван жил ажиллах хугацаандаа бичиж хэвлүүлсэн бүхнийг тоочих аргагүй, сонирхлоороо биш ажил үүргийн хувьд бичсэн юм аргагүй. Д.Эрдэнэчулууны эдгээр он жилүүдэд бичсэн сурвалжилга, тэмдэглэл, мэдээ “Соёмбо” сониноос гадна “Зууны мэдээ”, орон нутгийн хэвлэл “Талын элч”, “Өвөрхангайн мэдээ” сонинд нийтлэгдэхийн зэрэгцээ “Ноён уул” радио, “Соёмбо” телевиз, “Хас”, “Арвайхээр” чөлөөт суваг, студитэй хамтран ангийн үйл ажиллагааны талаар баримтат бичлэгүүдийг хийж анги, хамт олондоо үзүүлж сурталчилдаг байв. Эдгээрийг дурдахын учир Д.Эрдэнэчулууны нэг хобби нь баримтат кино хийх юм гэдгийг тодотгож байгаа санаатай юм л даа. 


Д.Эрдэнэчулуун 256 дугаар ангийн түүхт 90 жилийн ойгоор “Дайчин баатарлаг түүхэн уламжлал-90” баримтат кино, гэрэл зургийн альбом хийсэн бол дайчилгаатай хээрийн сургуулийн “Арвайхээр-2013” баримтат кино бүтээжээ. Эдгээрээс харахад гэрээт сурвалжлагч маань ажил үүргийн хуваариасаа хальж ангийн соёл урлаг, спорт нийтийг хамарсан ажилд хошуу биш хуруу дүрсэн юм шиг санагддаг. Гэрээт сурвалжлагч Д.Эрдэнэчулууны цэргийн сонины бичлэгт оруулсан сэтгэл зүтгэл манай сонины хуудсанд гэрэлтэж улмаар архивын үнэт хэрэглэгдэхүүн болон хадгалагджээ. Нэгэн цагт нэгэн үйлсийн төлөө оюун бодлоо чилээж, хамтран ажиллаж байсан уран бүтээлч, сэтгүүлч нөхдийн маань бичиж үлдээснийг архивт харж, сонирхож суухад гэгээн дурсамж сэргэдэг билээ. “Соёмбо” сонины шилдэг бичлэгийн шагналыг 2011, 2013 онд хоёр удаа хүртсэн гэрээт сурвалжлагч Д.Эрдэнэчулуун бол шинэ зууны гараан дахь цэргийн сонины нэгэн хурц тод төлөөлөл бөгөөд сонины 100 жилийн ойн босгон дээр эрхэм дүүгийн талаар цухас дурдсан энэ бичлэгийг манай сонины 200 жилийн ойн дугаар бэлтгэх ирээдүйн сэтгүүлчид унших биз ээ.


МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Батнайрамдал



Эх сурвалж: "Соёмбо" сонин