
Эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа.
"Жигүүртнээс дээгүүр" гэж таны цомог, номоо нэрлэсэн дууны утгыг би сэхээтний манлайлал аливаа нийгэмд маш чухал гэсэн агуулгатай гэж ойлгодог. Яг өнөөдрийн нийгэмд манай сэхээтнүүд үүргээ хир гүйцэтгэж чадаж байна вэ? Ер нь бол аялдан дагалдагч, хүлцэнгүй уур амьсгал өнөөгийн Монголын нийгэмд зонхилж байна гэсэн дүгнэлт түгээмэл байдаг. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Миний бие ямарваа нэгэн улс орны хөгжилд гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол тухайн үндэстэнд хэр их олон сэхээтэн байгаагаас шууд хамааралтай байдаг юм байна гэсэн бэсрэгхэн хэмжээний судалгаа хийсэн. Тэгээд дүгнэлт нь ийм болж гарсан. Сэхээтэн гэдэг бол зөвхөн нэг дээд сургууль төгссөн ч юмуу, аль эсвэл гайгүй орлоготой ч юмуу, эсвэл аав ээж, өвөө эмээ нь сайд дарга байсан хүмүүс өөрсдийгөө сэхээтэн гэж хэлэх гээд байдаг нь ихээхэн учир дутагдалтай юм. Яагаад гэвэл тэр сэхээтэн гэдэг Монгол үгний утга нь бусдын төлөө сэхээрсэн гэсэн утгатай болохоос биш зүгээр оюуны хөдөлмөр эрхэлдэг хүнийг хэлдэггүй. Тэгэхээр ард түмний оюун ухааныг түүчээлдэг хүмүүс бол зөвхөн боловсоролтой байхад хангалтгүй юм. Сэхээтэн гэдэг бол дөрвөн том шалгуурыг хангасан хүнийг хэлдэг. Эхнийх нь бусдын төлөө сэтгэл, хоёрдахь нь мэдлэг туршлага, гуравдахь нь иргэний зориг, дөрөвдэхь нь төлөвшил гэсэн шалгуурыг хангасан хүнийг хэлдэг. Энэ дөрвөн шалгуурын аль нэг нь дутахад тэр хүн сэхээтэн байж чадахгүй.
Харамсалтай нь өнөөдөр манай Монгол Улсад сэхээтэн ер нь байхгүй байна гэж би үздэг. Яахав боловсролтой хүмүүс бол байгаа юу гэвэл бий. Зоригтой хүмүүс бий юу гэвэл бий. Мэдлэг туршлагатай хүмүүс бий юу гэвэл бий. Бусдын төлөө сэтгэлтэй хүмүүс бий юу гэвэл бий. Гэхдээ тэр бүх чанаруудыг нэг дор төвлөрүүлэх ёстой.
Жишээ нь их зоригтой мөртлөө мэдлэггүй, бусдын төлөө сэтгэл нь байвч зүгээр нэг баатар, тэмцэгчид манайд зөндөө байна. Гэхдээ тэд нарт яалт ч үгүй мэдлэг нь дутаад байдаг. Мөн мэдлэгтэй боловч зориггүй зүгээр нэг дуулгавартай хүмүүс бас байна. Бас мэдлэг боловсролтой боловч бусдын төлөө сэтгэлгүй боловсон хулгайч, цагаан захтай дээрэмчин маягийн хүмүүс ч байна. Тэгэхээр яг ийм олон чанаруудыг өөртөө цогцлоож чадсан хүмүүс улс үндэстнээ түүчээлж явдаг. Гэхдээ ганц хоёр тийм хүмүүс байгаад нэмэргүй. Тийм хүмүүс аль болох олон байх шаардлагатай. Улмаар тэдгээр хүмүүс нийлээд үндэстний санаа гэдэг зүйлийг бий болгодог. Үндэстний санаагүй хөгжсөн улс орон дэлхий дээр байдаггүй юм байна. Тэгэхээр манайд энэ чанар ус агаар мэт хэрэгтэй болчихоод байна. Өнөөдөр манай нийгэм задраад бид нар үндэстэн байхаа больчихлоо. Үндэстэн гэдэг ухагдахуун бол шинэ ойлголт. Одоо бид эртний ном зохиол унших юм бол тэнд үндэстэн гэсэн үг өгүүлбэр байхгүй. Энэ бол бүүр 18-р зууны сүүлээр бий болсон ойлголт.
Үндэсний санаа бий болж байж, тэр үндэсний санаан дээрээ суурилаад хүмүүс үндэстэн болдог болохоос биш зүгээр нэг цусан төрөл ч юмуу тийм хүмүүс үндэстэн биш юм. Тэр бол зүгээр ястан байж болно. Ард түмэн байж болно. Гэхдээ ард түмний оршихуйн дээд эрэмбэ нь үндэстэн юм. Доод эрэмбэ нь хүн ам.
Аргагүй эрхэнд нэг хил хязгаарт хоригдож оршин сууж байгаа хүмүүсийг хүн ам гэдэг. Жишээ нь нэг эзлэн түрэмгийлэгч этгээд бүгдийг нь барьчихаад хааш нь ч явуулахгүй дараад байгаа бол тэд нар нэг үндэстэн гэхээсээ илүү зүгээр л хүн ам юм. Саяхан би фейсбүүк дээрээ асуулга маягийн юм явууллаа. Хэрвээ таны паспорт дээр хүссэн улсын чинь виз байх юм бол та Монголдоо үлдэж ажиллаж, амьдрах уу гэдэг асуулт тавихад 50 хувь нь явна, 50 хувь нь үлдэнэ гэсэн байсан. Тэгэхээр үндсэндээ бид нарын дунд нэлээд олон хүмүүс зөвхөн визгүй учраас л Монголдоо аргагүйн эрхэнд амьдарч байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ бол үндэстэн биш.
Бид нарын байж байгаа байдлыг харах юм бол бид нар цагаан сараа хүртэл тэмдэглэчихэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хагаралдах юу л байна бүх л асуудлаар хагаралддаг. Нэг хэсэг нь Украиныг дэмжиж байхад нөгөө хэсэг нь Оросыг дэмжих жишээний. Бас шарын шашин дотроо улааныхан шарынхан гэж хоёр хуваагдаад л нэгийгээ үзэхгүй байдалтай байна. Бас МАН, Ардчилсан Нам, 60, 70-аад оныхон, эсвэл нутаг усаараа гэх мэт дандаа янз бүрийн асуудал болгоноор хагаралдаж байдаг хүмүүс болчихлоо. Өөрөөр хэлбэл энэ нь үндэсний тэр эв нэгдэл, үндэсний санаа байхгүй, бас үүнийг бий болгодог сэхээтэн байхгүйтэй холбоотой юм. Тэр утгаараа ийм ард түмэн хөгжих ямар ч үндэс байхгүй гэж ойлгож болно.
-Тэгэхээр таны үзэж байгаагаар өнөөдөр Монгол Улсад сэхээтэн байхгүй гэж ойлгож болох уу?
-Би олж харахгүй байна. Байдаг байж магадгүй. Гэхдээ би олж харахгүй байна.
-Тэгвэл сэхээтэнгүй ийм нөхцөлд Монгол Улс яавал сэхээтэнтэй болж, улс үндэстнээ дагуулах чадвартай хүмүүстэй болох ёстой вэ?
-Бид үндэстний сэхээтэнтэй болох ёстой. Би залуу үедээ их итгэж найддаг. Тэр хүний дотор байгаа сэхээтэнлэг чанар нь сэргэх ёстой. Улмаар сэхээтнүүд хэдий олон бий болно, төдий зэрэг бид нарын ирээдүй баталгаажина. Ер нь үндэсний санаа гэдэг нь үндсэн гурван асуултанд хариулдаг. Маш олон хэв шинжтэй. Гэхдээ яг охь нь гурван асуултын хариуд оршдог. Эхнийх нь манай үндэстний түүхэн үүрэг нь юу байсан юм бэ, хоёр дахь нь манай үндэстэн өнөөдөр орших утга учир нь юу юм, гуравдахь нь манай үндэстний ирээдүйн дуудлага нь юу юм гэсэн гурван асуултын хариултанд оршдог. Яг одоогийн байдлаар манай нийгэм нэг тийм хоногоо хүлээж байгаа хүн шиг болчихсон байна. Хамаг ухаан бодол нь өнгөрсөндөө гацсан, 13-р зуунд л аягүй мундаг байсан, Хүннүгийн үед бид нар жигтэйхэн хүчирхэг байсан гэсэн л байдалтай байна. Наашилвал социализм гоё байсан гэдэг үзэл бодолтой хүмүүс маш их байна. Өнөөдөр болохоор бөөн хэрүүл маргаантай хэрвээ Монгол үндэстэн гэнэт байхгүй болчлоо гэхэд хүн төрөлхтөн юугаар дутах юм бэ гэдэг асуултанд бид хариулж чадахгүй байна. Өнөөдөр Монгол хүн Монгол хүндээ хэрэггүй болсон байна. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр нэгнийгээ үзэхгүй байна. Бас ирээдүйн талаар ярьж, бодож байгаа ганц ч хүн алга. Бүх яриа нь өнгөрсөн өнөөдөр хоёртойгоо зууралдсан маягтай байна. Тэгээд өнөөдрийн байгаа байдлыг тодорхойлох юм бол дандаа нэгнийгээ үгүйсгэсэн байдалтай, ирээдүйн талаар ямар ч кино алга, зохиол алга, ярьж байгаа зүйлийн ихэнх нь ахуйн шинжтэй өчүүхэн байдлаар сэтгээд байна.
Өөрөөр хэлбэл томоор бодож сэтгэж, бид нар ийм зорилгын төлөө амьдарч байгаа гэсэн бодол сэтгэхүйтэй хүн алга.
-Сүүлийн үед зарим хүмүүс социализмын үед сайхан байсан. Өөрөөр хэлбэл ардчиллаас болоод улс орны амьдрал доройтчихлоо гэж их ярьж байна...
-Социализмын үед сайн юм байсан уу гэвэл байсан. Гэхдээ муу юм нь бас дутахааргүй их байсан. Бид нарын өнөөгийн байгуулсан нийгэмд сайн юм ч бий, муу юм ч бий. Тэр утгаараа бид нар хоёр тал руу хэт туйлширлаа. Одоо бид нар тогтож шинэ хөгжлийн онол гаргах ёстой. Хүмүүс онолгүйгээр хөгжинө гэж их гэнэн төсөөлдөг. Гэтэл байшин барихад эхлээд зураг төслөө гаргаж байж байшингаа барьдаг. Түүнээс биш зүгээр ямар нэгэн зураг төсөлгүйгээр барьсан байшин хэзээ ч сайн байшин болдоггүй. Тэр үүднээсээ бид нар одоо тиймэрхүү байдлаар сэтгэл хөдлөлөөр өмнөх юмаа үгүйсгэж, бүгдийг шинээр эхэлнэ гэж яваад байгаа нь өөрсдийгөө их том эрсдэлд оруулаад байна. Хуучин социализмын үед дутагдалтай тал нь юу байсан юм, авах юм нь юу байсан юм гэдийг бид нар одоо тунгаах хэрэгтэй. Жишээ нь миний харж байгаагаар социализмын үед нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зөв уриатай байсан. Одоо хөгжиж чадсан улс орнуудыг харахад яг ийм зарчмаар явж байна. Муу юм нь юу байсан гэхээр тэрнийгээ хэтрүүлээд хувь хүний эрх чөлөө рүү хэтэрхий их халдаад хувийн өмчтэй байж болохгүй, зөвхөн амины өмчтэй байж болно. Бас ийм хөгжим сонсож болохгүй гэх мэт яг үнэнийг хэлэхэд маш утгаггүй хязгаарлалтууд их байсан.
Бид нар өнөөдөр неолиберализм гэж хэлдэг онолын дагуу явж байна. Гэвч түүнийгээ бид нар ерөөсөө ярихгүй байгаа. Энэ өөрөө хамгийн том дутагдал. Яагаад гэвэл неолиберализм гэдэг чинь хувиа хичээ гэдэг л үзэл. Чи ерөөсөө өөрийгөө л бод, зах зээлийн үл үзэгдэгч гар аяндаа бүх юмыг сайхан болгоно гэдэг онол чинь өөрөө буруу юм байна гэдэг нь өдөр ирэх тусам л харагдаад байна.
Ийм хувиа хичээсэн бодгалиуд хэзээ ч нэгнийгээ хайрлахгүй, ардчилсан дэглэм ч ийм үед оршин тогтнох боломжгүй гэдэг нь харагдаж байна. Дэлхий даяар ардчилсан засаглалын хямрал болж байгаа нь бас үүнийг харуулж байна. Неолиберализм өөрөө нийгмийг задалчихаар хариуцлага тооцох болон айж эмээх, ичих юм байхгүй болдог. Тэр үүднээсээ сонгогчид амиа хичээсэн хүнийг л сонгоно. Тэр утгаараа энэ нь бид нар яагаад ингээд муухай амьдраад байна гэдэгт гайхаад байх зүйл биш юм. Угаасаа бүгдээрээ хувиа хичээж байгаа юм чинь миний сонгосон хүн намайг хэзээ ч бодохгүй нь ойлгомжтой. Тэгээд хувиа хичээсэн хүмүүсээс бүрдсэн ийм засаг нэгдүгээрт мэдлэггүй, хоёрдугаарт авлигалч төр засаг бий болдог юм байна гэдгийг бид одоо ойлгох цаг нь болсон. Энэ нь зөвхөн Монголд ч биш дэлхийн маш олон оронд гарч буй үзэгдэл. Үүнийг одоо дэлхийн том том эрдэмтэд хэлэлцэж ярьж байна.
Та ХҮН намыг үүсгэн байгуулагчдын нэг байсан. Мөн өнгөрсөн УИХ-ын 2024 оны сонгуулиар "Үндэсний Эвсэл"-ээс нэр дэвшсэн. ХҮН нам ба Үндэсний Эвсэлийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би ХҮН намыг надад том сургамж болсон гэж боддог. Яагаад гэвэл би Монгол Улсыг хөгжүүлэхгүй байгаа үндсэн шалтгаануудын нэг нь манай өнөөгийн улс төрийн намууд юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Яагаад гэвэл тэр нам ямар ч байсан угаасаа л хар аяндаа энэ МАН, Ардчилсан Намтай л адилхан болох юм байна гэдгийг би ойлгосон. Яагаад гэвэл ганц ч төгрөгийн орлоггүй эдгээр байгууллагууд улс орон даяар баахан хороод байгуулан баахан хүнийг цалинжуулж, түрээс цахилгаан дулааныхаа мөнгийг төлж, гурван шатны сонгуульд ордог. Ерөнхийдөө эдгээр улс төрийн намууд баримжаа тооцоогоор 300-400 тэрбум төгрөгийн зардалтай байгууллагууд байдаг. Тэгвэл эдгээр улс төрийн намууд хаанаас тэр их мөнгийг авдаг вэ гэвэл улсын төсвөөс авдаг. Бас хэн нэгэн хүнээс хандив авч, тэр мөнгийг буцаагаад хүүтэй нь тендер зэрэг зүйлээр төлдөг. Эсвэл хэн нэгнийг төрийн өндөр албан тушаалд томилж, төрийн албан тушаалыг наймааны эд зүйл болгодог. Өөрөөр хэлбэл намд хандив өгсөн тухайн хүнийг баярлуулах ямар нэгэн юмыг хийдэг. Тэгэхээр энэ улс төрийн намын тухай хууль тэрний энэ санхүүжилтынх нь асуудлыг шийдээгүй цагт энэ нөхцөл байдал засрахгүй юм байна гэдэг нь харагдаж байгаа. Одоо жишээ нь ил тод байдлыг бүгдээс нь шаарддаг мөртлөө улс төрийн нам бол ямар ч мэдээлэл нь гадагшаа гардаггүй тийм хачин байгууллага байдаг. Жишээ нь МАН энэ Тусгаар тогтнолын ордонг хэний мөнгөөр бариулсан бэ гэдгийг асууя. Хэн мөнгө хандивласан бэ? Тэр мөнгө хандивласан хүмүүс нь яг өөрийнхөө мөнгийг өгсөн үү, аль эсвэл гаднаас тэр мөнгийг аваад дамжуулсан уу гэдгийг тогтоох ёстой.
Өөрөөр хэлбэл Монголын төрд гадны тусгай албаныхан улс төрийн намаар дамжуулаад манай төрд нөлөөлөөд байсан уу гэдгийг асуухад хэн ч хариулж мэдэхгүй байна. Тэр утгаараа Монголын өнөөгийн улс төрийн хоёр том намд хууль үйлчилдэггүй, хэний мөнгөөр сонгууль хийгээд байгаа нь ойлгомжгүй байдаг.
Тэгээд Монголын ард түмэн ийм зүйлийг анзаарахгүй бүх зүйл сайхан болно гээд яваад байдаг нь үнэхээр эмгэнэлтэй юм.
-Монгол Улс 3 сая гаруй хүн амтай. Гэтэл өнөөдөр манай улсад 30 хэдэн улс төрийн нам байна. Ер нь ийм олон улс төрийн намууд байх шаардлагатай юу?
-Энэ бол шаардлагын тухай асуудал биш юм. Жишээ нь Энэтхэг улс 500 намтай, авторитар дэглэмтэй гэгддэг Хятад улс 15 намтай. Гэхдээ тэр нь жинхэнэ нам уу, эсвэл хуурамч нам уу гэдэг нь өөр асуудал. Тэгвэл манайд байгаа тэр 30 хэдэн намын хэд нь жинхэнэ нам бэ гэдэг нь бас сонирхолтой. Яг одоогийн байдлаар бид нар яг фашист дэглэм рүү улам ойртоод байна. Фашизм, коммунизм хоёр чинь ерөнхийдөө нэг л үзэгдэл. Коммунизм бол төр эдийн засагт оролцох уу үгүй юу гэдэг асуудлаараа л ялгаатай. Фашизм гэдэг бол намын нэг үзэл баримтлалыг хүчээр бүгдээрэнд нь тулган залхаан цээрлүүлж, харгисладаг үзлийг хэлдэг. Фашизм гэдэг үгний үүсэл гарал нь фашио гэж итали үгнээс гаралтай. Ямар нэгэн юмыг багц болгож нэгтгэх гэсэн утгатай. Тэгэхээр тухайн намын үзэл суртлаас нь өөр зүйлийг яривал тэр хүнийг элдэв янзаар гоочилж, барууныхны гар хөл бологч, гадны тагнуул туршуул гэх мэт элдэв янзын нэр хоч өгдөг. Тэгээд энэ дарангуй дэглэмүүдийн гол онцлог нь мэдлэг боловсрол нимгэн олонхийг хууран мэхэлж, харин мэдлэг боловсрол өндөртэй хүмүүсийг айлган сүрдүүлдэг. Тэгвэл энэ бүх шинж тэмдгүүд Монголд аль хэдийн бий болж, улам тод болоод байна. Тэгэхээр фашизм гэдэг чинь заавал хас тэмдэг малгай дээрээ зүүчихээд цэргийн хувцастай гудамжаар алхаад байхыг хэлдэггүй. Харин коммунистууд бол бүх юмыг төр мэднэ гээд хүний юмыг хүчээр булааж авдаг. Төр гэж хэн юм бэ гэж асуухаар нөгөө улс төрийн нам нь байдаг. Ийм хандлага өнөөдөр Монгол улсад улам нэмэгдэж байна.
Фашизм хэзээ толгойгоо өндийлгөдөг вэ гэхээр хүмүүсийн мэдлэг нимгэн, төлөвшилгүй үед гарч ирдэг. Төлөвшөөгүй гэдэг нь ерөнхийдөө хүүхэд шиг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хувь тавиланг шийдэж мэдэхгүй, хэн нэгэн агуу удирдагч гарч ирж намайг удирдаад явна гэж гэнэхнээр төсөөлдөг хүнийг хэлдэг. Мөн бусдыг өрөвдөх сэтгэлгүй байх нь фашизмын үндсэн суурь нь байдаг.
Одоо фейсбүүк дээрээс харвал ерөөсөө нэгнийгээ хайрлаж өрөвдөж байгаа юм огт харагдахгүй, дандаа зүхсэн хараасан, хардсан, хэлэх хэлэхгүй үгээр бие биенээ доромжилсон үгнүүд маш их байна. Тэр утгаараа манай нийгэм улам л харгис хэрцгий, фашист коммунист хэлбэр лүүгээ орж байна.
-Монгол оронд 1990 онд ардчилсан хувьсгал гарснаас хойш өнөөг хүртэл засгийн эрхийг ихэнх хугацаанд эрх баригч МАН дангаараа барьж ирлээ. Тэгвэл өнөөдөр Монголд нэг намын дарангуйлал бодитойгоор оршиж байна уу? Энэ талаар юу гэж боддог вэ?
-Би бол манай Монголд нам байхгүй гэж үздэг. Нам гэдэг чинь үзэл баримтлалд суурилсан байх ёстой. МАН-ын үзэл баримтлал Ардчилсан нам, ХҮН намынхаас юугаараа ялгаатай юм. Тэгэхээр эдгээр намуудын үзэл баримтлалын зарчмын ялгаа нэгдүгээрт харагдахгүй байна. Хоёрдугаарт, энэ бол намаар дамжуулаад төрийн эрхэнд хүрэх гэсэн нам дамнасан бүлэглэлүүд л болохоос биш жинхэнээсээ нам гэж байхгүй. Энэ нам гэж нэрлэгдэж байгаа байгууллагуудын үйлдлийг харахад дандаа гэмт бүлэглэлийн шинж чанар л харагддаг. Түүнээс биш яг намын үйл ажиллагаа ерөөсөө харагддаггүй. Улс төр гэж ер нь юу юм бэ? Орчин үеийн тодорхойлолтоор нийгмийн эрхэм зүйлүүдийг эрэмблэх процессийг улс төр гэж хэлдэг. Тэр үүднээсээ зүгээр засгийн эрхийг булаацалдаж байгаа үйл явдал бол улс төр биш.
Тэр утгаараа Монголд ямар эрхэм зүйлүүд хамгийн дээд талд нь байна вэ гэхээр мөнгө, эрх мэдэл, элдэв янзын донтолт л байна. Жишээ нь үндэсний өв соёл, уламжлал гэдэг үгээр донтолтыг халхавчлаад байна. Би бол Монгол уламжлалынхаа төлөө сэтгэлтэй хүн. Гэтэл зүгээр ийм мөрийтэй тоглоомыг үндэсний өв соёлын хэлбэрт далдалж нууж байгаа явдлыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Одоо манай морины уралдааныг бараг тийм болгочихлоо. Монголын яг эртний тэр морь, бөхөө хайрладаг уламжлалыг яаж гутааж, ямар хэмжээнд аваачсаныг бүх хүн мэднэ. Өнөөдрийн энэ бөх, морь хоёрыг харахад надад аягүй харамсмаар санагддаг. Энэ бол манай бохир улс төр, энэ гэмт бүлэглэлүүд зөвхөн сонгуульд ялахын төлөө манай үндэсний уламжлалыг ямар муухай гажуудуулж, яаж бузарлаад хаячихав гэдгийг харуулж байна. Бид нар жинхэнэ улс төр хийе гэвэл эхлээд эрхэм зүйлүүдээ тодорхойлох хэрэгтэй. Тэгвэл сая Монголд жинхэнэ утгаараа улс төрийн нам бий болно. Тэр үүднээсээ тэр цаг ирээсэй гэж би найдаж байна. Өнөөгийн энэ намууд бол хоорондоо л нэгийгээ үзэхгүй, зодолдоод байгаа болохоос биш тэд нарын ялгаа нь ерөөсөө харагдахгүй байна.
Өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ? Бид хөгжиж байна уу, уруудаж байна уу? Эсвэл бүр гацчихсан юм уу?
-Бид нар ухарч байна. Бид нар 1990 онд юу хийж чаддаг байлаа, одоо юу хийж чадаж байна гэдгээ сайн бодох ёстой. Чадварлаг хүмүүс нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Гэхдээ харамсалтай нь Монгол үндэстний хэмжээнд мэдлэгийн эдийн засгийн шаардлага хангасан нийтдээ 30-аад мянган л хүмүүс байна. Нэг талаасаа энэ бол дэвшил юм. Яагаад гэвэл 1990 онд бид нарт ийм хүн байгаагүй учраас асар хүнд цагийг туулсан. Муу юм нь юу гэхээр нийт массаараа чанар нь доройтсон.
Сүүлийн үед энэ Zet үеийнхнийг их муу хэлээд байна. Гэхдээ энэ нь зөвхөн энэ үеийнхэн л муу гэсэн үг биш. Монголчууд нийт олноороо төлөвшөөгүй байгаад байна. Гэхдээ төлөвшил гэдэг чинь нэг л хэмжигдэхүүнтэй зүйл биш.
Их олон хэмжигдэхүүнээр хүний төлөвшлийг хэмждэг. Тэгэхээр тэр Zet үеийнхэн бол тодорхой нэг хэсгээрээ дутагдалтай, зарим зүйлээрээ сайн байгаа. Ер нь манай аав ээж нарын үеэс л авахуулаад л төлөвшил нэлээн хэцүүхэн болж ирсэн. Яагаад гэвэл хувь хүнийг дарангуйлж, хүчирхийлж өсгөхөөр тэр хүн сэтгэл зүйн гэмтэл авсан тэр насандаа гацдаг. Гэхдээ энэ бол сэтгэцийн өвчин биш. Зөвхөн гацаа. Харин сайн тал нь бид нар хүмүүсээ үндэсний хөтөлбөр хэрэгжүүлээд тэр гацаанаас нь гаргаж болно. Гэхдээ түүний нэг онцлог нь хүн өөрийгөө төлөвшөөгүй байна гэж ухамсарладаггүй.
Тийм учраас түүнийг нь нэгдүгээрт ухамсарлуулж, дараа нь засах үйл ажиллагаа заавал хийгдэх ёстой. Өөрөө хэлбэл энэ нь дадлаар бий болдог зүйл. Түүнээс биш зөвхөн онолын хэмжээнд мэдээд нэмэргүй. Тэр үүднээсээ бид нар олон талаар төлөвшөөгүй байгаа учраас мэдлэгийн эдийн засгийг өөрсдөө байгуулж чадахгүй байна. УИХ дээр сая гадаадаас ажилчин оруулж ирэх хуулийн төслийг ярилаа. Гэтэл Монголд өчнөөн ажилгүй хүмүүс байна, өчнөөн ажлын байр байгаад байна. Тэгсэн мөртлөө энэ чинь хоорондоо ерөөсөө эвлэж өгөхгүй байна. Тэгээд Монголоос гадагшаа явах хүмүүсийнхээ урсгалыг барьж дийлэхгүй мөртлөө гаднаас хүн авна гээд хоорондоо авцалдахгүй маш том парадокс үүсчихээд байна. Тэгэхээр энэ бүхэн юунаас болоод байна гэхээр манай улсын боловсролын систем болохгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл бид нар зүгээр дуулгавартай хүний өөдөөс юм хэлдэггүй тийм хүмүүсийг л бэлдээд байна. Эцэст нь хэлэхэд Монгол үндэсний эвсэл байхгүйгээр ямар нэгэн хөгжил байхгүй. Үндэсний эвслийг сэхээтнүүд бий болгодог. Тийм учраас Монгол хүн болгон өөрийнхөө дотор байгаа сэхээтэнлэг чанарыг сэрээгээч ээ гэж хэлмээр байна. Сэхээтэн байхын тулд заавал ч үгүй их дээд сургууль төгссөн байх албагүй. Жишээ нь өвөг дээдсээсээ малаа хэрхэн маллаж ирсэн мянга мянган жилийн тэр өв уламжлал, мэдлэгийг авч үлдсэн малчин хүн ч гэсэн сэхээтэн байж болдог. Түүний тулд нөгөө дөрвөн шалгуурыг хангах ёстой. Тиймээс ч энэ бүхнийг бий болгохын төлөө Монгол түмэн минь хичээх хэрэгтэй цаг иржээ гэж хэлье.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Ж.Батдорж
Сэтгэгдэл2
ёстой худлаа хуцдаг гөлөг бна энэ чинь,амины өмч,хувийн өмчийн ялгааг мэдэхгүй байж их хуцнаа бас,ер ингэхэд ялгааг нь мэддэг хүн хэд байдгийм бол нээг их хувийн өмч шүтсэн п-нүүд эхлээд ялгаж сурчихаад соц-ыг муулаарай даа???
Урваж шарвасан чи юугаа мэдхэв дээ модон гүүрэн дээрээ нөгөө аж богд могдоо л дуулаад суувал барав