
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам. Тус хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо. Туулын хурдны зам нь хотын зүүн талд Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа цогц авто замын төсөл юм. Туулын хурдны замын ажлын хүрээнд 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгоно.
Замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 орчим хувиар нэмэгдүүлж, Шинэ тойрог авто замтай холбогдсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулах тооцоо, судалгаатай. Туулын хурдны зам баригдсанаар Нисэх, Яармаг чиглэлийн болон хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй хот, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
Туулын хурдны замын Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн ачааллыг ч хуваалцах ТЭЗҮ-ийн хувьд боловсронгуй бэлтгэгдсэн олон улсын хэмжээний төсөл юм.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” ХХК нь 2008 онд Хонконгт бүртгэгдсэн бөгөөд инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани. Мөн олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай цорын ганц Хонконгийн хувийн компани юм. Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Тухайлбал,
Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл
Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл
Сербийн 253 км хурдны зам
Сербийн E763 хурдны зам
Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл
Казахстан Кама хурдны замын төсөл
Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл
Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл
Малайз улс Ногоон Юй байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төсөл зэргийг хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.
Сэтгэгдэл3
Хятадад мөнгө өгдөг байдлыг багасгахсан.
Yutong bus-аас хойш ингэдэг болж
Амжилт