sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /AP/. АНУ-ын Олимп, паралимпын хороо (USOPC) усан сэлэлт, хөнгөн атлетик болон бусад спортын үндэсний холбоодод хандан Ерөнхийлөгч Д.Трампын гаргасан зарлигийг биелүүлэх “үүрэгтэй” гэдгийг мэдэгдсэнээр транс эмэгтэйчүүдийг цис эмэгтэйчүүдтэй өрсөлдөхийг үндсэндээ хориглолоо. Энэ шийдвэрийн талаар долоодугаар сарын 21-нд USOPC-ийн цахим хуудсанд “чимээгүй мэдээлсэн” бөгөөд үндэсний спортын удирдах байгууллагуудад илгээсэн захидлуудаар албан ёсоор мэдэгдсэн байна.


Ийм шийдвэрийг өмнө нь АНУ-ын Оюутны спортын холбоо (NCAA) хоёрдугаар сард гаргаж, Ерөнхийлөгчийн зарлигт үндэслэн транс эмэгтэйчүүдийг цис эмэгтэйчүүдтэй өрсөлдөхийг хориглосон юм. Өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан Д.Трампын зарлигт мөн эмэгтэйчүүдийн тэмцээн уралдаанд трансжендэр тамирчдыг оролцохыг зөвшөөрсөн сургууль, их сургуулиудын төсвийн санхүүжилтийг зогсоох заалт багтсан байна. 


“Холбооны улсын хэмжээний байгууллагын хувьд бид холбооны улсын түвшинд гаргасан шийдвэр шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Манай шинэчилсэн бодлого нь эмэгтэйчүүдэд шударга, аюулгүй өрсөлдөх орчныг бүрдүүлэхийн чухлыг онцолж байна. Иймээс спортын бүх хорооны удирдлагууд энэ бодлогод нийцүүлэн өөрсдийн хэрэгжүүлж буй журмуудыг шинэчлэх шаардлагатай” гэж USOPC-ийн гүйцэтгэх захирал Сара Хиршланд, ерөнхийлөгч Жин Сайкс нарын захидалд дурджээ.


Олон улсын олимпын хорооноос (ОУОХ) Олимпын наадамд оролцох өөрсдийн журам, дүрмийг тогтоох эрхийг спортын холбоодод олгосон байна. Зарим холбоо аль хэдийнэ энэ чиглэлд тодорхой алхам хийж эхэлжээ. Транс эмэгтэй гэдэг нь биологийн хувьд эрэгтэй төрсөн ч өөрийгөө эмэгтэй хэмээн тодорхойлдог хүйсээ солиулсан трансжендэр хүн, харин цис эмэгтэй гэдэг нь хүйсээ солиулаагүй эмэгтэй хэвээрээ байгаа хүн юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг