sonin.mn

АБУ-ДАБИ, 2025 оны хоёрдугаар сарын 17 /TASS/. Олон улсын зэвсгийн “IDEX-2025” үзэсгэлэн Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Абу-Даби хотын “Abu Dhabi National Exhibitions Company” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр эхэллээ. 


IDEX (International Defence Exhibition) нь Абу-Дабид хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын зэвсэг, цэргийн техникийн үзэсгэлэн юм. 1993 оноос хойш болж буй уг үзэсгэлэн дэлхийд хамгийн томд тооцогдох зэвсгийн үзэсгэлэнгүүдийн нэг юм. 


Хоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 65 орны 1565 компани оролцож байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Түүнчлэн 731 компани, 7 улс анх удаа оролцож байгаа бөгөөд далайн тэнгисийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг салбаруудын 3300 гаруй дэвшилтэт технологиуд, шинэ бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлж байна.


Үзэсгэлэнгийн үеэр байгуулах стратегийн гэрээ хэлэлцээрүүд, түншлэлиын шинэ харилцаа нь дэлхийн батлан хамгаалах салбарт эзлэх АНЭУ-ын байр суурийг бэхжүүлнэ гэж зохион байгуулагчид мэдэгджээ. 


2023 онд болсон өмнөх үзэсгэлэнг 65 орны 132 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр, үзэсгэлэнд оролцогчид 23.34 тэрбум дирхам буюу 6.35 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг