sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 6 /DW/. АНУ-аас албадан гаргасан 104 энэтхэг цагаачийг тээвэрлэсэн Америкийн цэргийн нисэх онгоц лхагва гарагт Энэтхэгийн хойд нутгийн Амритсар хотод буужээ.  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагаачлалын эсрэг тэмцэж, “хууль бус цагаачид” гэгддэг олон сая хүнийг нутагт нь буцаахаа амласны дагуу Энэтхэг рүү албадан гаргасан хүмүүсийн эхний хэсэг нь энэ болж байна.




Мягмар гарагт албадан гаргасан хүмүүсийн дийлэнх нь Энэтхэгийн хойд болон баруун нутагт орших Пенжаб, Харьяна, Гужарат мужуудын оршин суугчид байсан гэж “India Today” телевизийн суваг мэдээлжээ.



АНУ, Энэтхэг улсууд болон Д.Трамп, Нарендра Моди нар ойрын сайн харилцаатай хэдий ч цагаачдыг ийнхүү албадан гаргасан байна. Шинэ Делигийн зүгээс АНУ иргэдийг нь албадан гаргаж байгааг эсэргүүцэхгүй байгаагаа илэрхийлж, хууль бус цагаачлал болон зохион байгуулалттай гэмт хэргийн хооронд холбоо хамаарал бий хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. Мөн АНУ зэрэг аль ч улсад хууль бусаар амьдарч байгаа энэтхэг иргэдийг нутаг буцаахыг зөвшөөрнө гэдгээ Энэтхэгийн Гадаад харилцааны яам мэдэгдсэн байна. “Pew Research Center” төвийн судалгаагаар, 2022 оны байдлаар Энэтхэгийн 725 мянга орчим иргэн АНУ-д хууль бусаар амьдарч байжээ. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ирэх долоо хоногт Вашингтонд айлчлахаас өмнөхөн энэтхэгчүүдийг албадан гаргажээ. Хоёр улсын удирдагчид саяхан утсаар ярих үеэрээ цагаачлал зэрэг олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд ирэх долоо хоногт эдгээрийг дахин нухацтай хөндөх бололтой. Утсаар ярих үеэр Д.Трамп хэлэхдээ, Энэтхэг улс Америкт үйлдвэрлэсэн батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг илүү их хэмжээгээр худалдан авах, хоёр талын худалдааг шударга байлгах нь чухал болохыг онцолжээ. 

Н.Моди, Д.Трамп нар ойр дотно харилцаатай бөгөөд 2019 онд Техаст “Сайн уу, Моди!” нэртэй томоохон цуглаан зохион байгуулж байв. Тэд бол олон улсын тавцанд үндэсний үзлийг эрхэмлэдэг удирдагчид гэж олон нийт үздэг. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг