sonin.mn

СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 28 /Reuters/. Умард Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгосын талд шилжүүлэн өгснийг ил болгож, улмаар уг ажиллагааг нууцлах талаар харилцан тохиролцсоноо үгүйсгэсэн гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Украин улсыг буруушаагаад, албан ёсоор тайлбар хийж, уучлалт хүсэхийг шаарджээ.


"Украины тал уг мэдээллийг дангаараа ил болгосон төдийгүй хоёр тал нууцлалын гэрээ байгуулаагүй гэж худал мэдэгдэл хийсэнд Ерөнхийлөгчийн тамгын газар гүнээ харамсаж байна" гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ахлах нарийн бичгийн дарга Сон Ги Хон ням гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Шаардлагатай гэж үзвэл Өмнөд Солонгосын засгийн газар энэ асуудлаар нэмэлт арга хэмжээ авахаар судлаж байгааг тэрбээр мэдээлжээ. Украины тал Умард Солонгосын цэргүүдийг шилжүүлэх асуудлыг янз бүрийн сувгаар дамжуулан Өмнөд Солонгосын талтай удаа дараа хэлэлцэж, энэ талаарх мэдээллийг нууцлах хүсэлт гаргаж байсан гэж Сон Ги Хон хэлжээ. Учир нь уг мэдээллийг олон нийтэд ил болгосноор Умард Солонгосын цэргүүдийг Украины олзлогдсон цэргүүдээр солилцох боломжоо ашиглаагүй гэх шүүмжлэлд дотооддоо өртөж болзошгүй гэж Украины тал тайлбарласан аж.


Аюулгүй байдал, дипломат харилцаа болон хүмүүнлэгийн асуудал, тэр дундаа цэргүүд болон тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг харгалзан Өмнөд Солонгосын тал шилжүүлэх ажиллагааны талаарх мэдээллийг нууцлахыг зөвшөөрсөн гэж тэрбээр онцолжээ.


Гэвч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ хоёр цэргийг Өмнөд Солонгос руу шилжүүлсэн тухай урьдчилан зөвшилцөлгүйгээр мэдээлсэн бөгөөд үүний дараа хоёр талын хооронд мэдээллийг нууцлах талаар ямар нэгэн тохиролцоо байгаагүй хэмээн мэдэгдсэн гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурдсан байна. Талууд мэдээллийг нууцлах талаар тохиролцоогүй хэмээн үгүйсгэсэн нь хоёр улсын Засгийн газар хоорондын итгэлцлийг ихээхэн сулруулж, хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Сон Ги Хон мэдэгджээ. Сөүлд суугаа Украины ЭСЯ тайлбар хийх хүсэлтэд хараахан хариу өгөөгүй байна.


В.Зеленский өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлэхдээ Украины тал Умард Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгсөн гэдгийг мэдэгдсэн юм. Украинтай хийж буй дайнд Оросын талд байлдаж байхдаа олзлогдсон цэргүүдийг саяхан Өмнөд Солонгос руу хүргэсэн гэж тэрбээр хэлжээ. 


БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хэд хоногийн өмнө мэдэгдэхдээ, Украины тал мэдээллийг нууцлах тухай тохиролцоог зөрчин цэргүүдийг шилжүүлсэн тухай ил болгосон гэсэн байна. "Болзошгүй үр дагаврыг харгалзан үзэхэд цэргүүдийг шилжүүлэн өгсөн талаар "зарлахгүй байх нь ямар ч талаасаа зөв байсан", хоёр тал үүнийг нууц байлгахаар тохиролцсон байсан" гэж Ли Жэ Мён X нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. "Нууцлалын гэрээг үл харгалзан Украины тал энэ асуудлыг ил болгоход ямар нөхцөл байдал нөлөөлснийг би мэдэхгүй байгаа боловч энэ бол туйлын харамсмаар явдал юм" гэж тэрбээр бичсэн байна. 


Украины тал 2025 оны нэгдүгээр сард Оросын Курск мужид Умард Солонгосын хоёр цэргийг олзолжээ. Уг хоёр цэрэг нь Умард Солонгос 2024 онд Орос руу цэргээ илгээж, дайнд оролцож эхэлснээс хойш амьдаараа олзлогдсон Умард Солонгосын анхны цэргүүд аж. Өмнөд Солонгосын тал цэргүүдийн өөрсдийнх нь болон Умард Солонгост үлдсэн гэр бүлийнх нь гишүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэднийг тус улсад ирсэн эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм.


Олзлогдсон цэргүүд Өмнөд Солонгос руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа тэднийг шилжүүлэх асуудлыг хоёр тал хэлэлцэж эхэлсэн гэж тус улсын сөрөг хүчний хууль тогтоогч мэдэгдсэн байна.  


Энэ үйл явдал Өмнөд Солонгосын тал Умардтай яриа хэлэлцээгээ сэргээхийг эрмэлзэж буй үед, түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пёньянтай дахин холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн үед болж байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг