sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 22 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилд орсноосоо хойш гарын үсэг зурсан эхний зарлигуудын нэг нь тус улсад төрсөн хүүхдүүдэд шууд АНУ-ын иргэншил олгодог явдлыг хязгаарлах шийдвэр байв. Гэсэн хэдий ч эдгээр хүүхдүүдэд иргэншил олгох зарчим Үндсэн хуульд тусгагдсан байдаг тул Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй гэдгийг шинжээчид хэлж байна. 


Д.Трампын тушаал гарсан даруйд АНУ-ын хүний эрхийг хамгаалах хамгийн эртний байгууллагуудын нэг болох Америкийн иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) болон бусад холбоод Д.Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийг Нью-Хэмпшир муж улсын Тойргийн шүүх хэлэлцэнэ. 


“АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохоос татгалзах нь Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй Америкийн үнэт зүйлсийг бүдүүлэг хэрцгийгээр үгүйсгэж байна” гэж ACLU-ийн тэргүүн Энтони Ромеро мэдэгджээ. Үүнтэй төстэй нэхэмжлэлийг Ардчилсан намын хяналтад байдаг 18 муж улс, Сан-Франциско болон Колумбийн тойргийн (Вашингтон) төлөөлөгчдөөс бүрдсэн эвсэл мягмар гаргийн орой Массачусетс муж улсын Бостон хотын Тойргийн шүүхэд гаргасан байна.


АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгох тухай Үндсэн хуульд заасан нь


АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох зарчмыг тус улсын Үндсэн хуульд оруулсан 14-р нэмэлт өөрчлөлтийн эхний өгүүлбэрт тусгасан байдаг. Тодруулбал, “АНУ-д болон түүний харьяа нутагт төрсөн бүх хүүхэд АНУ-ын болон оршин суугаа тухайн муж улсын иргэн мөн” гэж заасан байдаг ажээ. 


Энэ заалтаас үүдэн хууль бус цагаачид тус улсад олноороо ирдэг, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд АНУ-д хүүхдээ төрүүлэхийн тулд шаардлагатай бичиг баримтуудыг авалгүйгээр Америкийн хилээр нэвтэрч байна гэж цагаачлалын хатуу бодлогыг дэмжигчид мэдэгдэж байгаа юм.


14-р нэмэлт өөрчлөлтийг 1868 онд Иргэний дайн дууссаны дараа баталжээ. Үндсэн хуульд оруулсан 13-р нэмэлт өөрчлөлт нь боолчлолыг халсан бол 14-р нэмэлт өөрчлөлт нь Америкт төрсөн боолуудын иргэний харьяаллын асуудлыг шийдсэн байна.  Дред Скотт Сандфордын хэрэг (1857) гэх мэт хэргүүдийн талаар гаргасан АНУ-ын Дээд шүүхийн өмнөх шийдвэрүүдийн улмаас африк гаралтай америкчууд АНУ-ын иргэн болж чадахгүй байв. Харин 14-р нэмэлт өөрчлөлтөөр энэ шийдвэрийг хүчингүй болгожээ.


Д.Трампын зарлиг иргэншил олгох эрхийг цуцалж чадах уу?


Ерөнхийлөгч Трамп зарлиг гаргаснаар энэ эрхийг халж чадахгүй гэдэгтэй хууль эрх зүйн ихэнх мэргэжилтэн санал нэг байна. "Энэ нь мэдээжийн хэрэг олон хүнийг бухимдуулах болно, гэхдээ эцэст нь шүүхээр шийдэгдэнэ. Энэ бол түүний шийдэж асуудал биш" гэж Виржиниагийн Их сургуулийн Хууль зүйн тэнхимийн профессор, Үндсэн хууль судлаач Сайкришна Пракаш хэллээ. 


Ерөнхийлөгч Холбооны агентлагуудын ажилтнууд, жишээлбэл, АНУ-ын Цагаачлал, гаалийн байгууллагын ажилтнуудад уг зарлигийн дагуу иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож болно. Гэхдээ иргэний харьяаллыг хүчингүй болгох хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлнэ гэж Пракаш хэлэв. 


АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгох эрхийг Үндсэн хуульд шинэ нэмэлт өөрчлөлт оруулснаар эцэслэн цуцлах боломжтой. Гэхдээ Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёрын саналаар, мөн АНУ-ын муж улсуудын дөрөвний гурав нь нэмэлт өөрчлөлтийг батлах ёстой.


Хэрэв батлагдвал хэчнээн хүнийг хамрах вэ?


"Pew Research" судалгааны төвийн мэдээллээр, 2016 онд АНУ-д 250 мянган хууль бус цагаач хүүхэд төрсөн нь 2007 оныхоос 36 хувиар цөөн байна. 2022 онд АНУ-д хууль бусаар оршин суугаа 1.2 сая эмэгтэй хүүхэд төрүүлжээ.


Харин Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр, хэрэв АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох эрхийг цуцалбал 2050 он гэхэд тус улсад хууль бус цагаачдын тоо 16 сая (одоогоор 11 сая орчим байгаа) болж өснө.


Түүнчлэн 2050 он гэхэд Америкийн иргэншилгүй боловч тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүний тоо 4.7 саяд хүрнэ гэж судалгаанд дурдсан байна. Д.Трамп өнгөрсөн оны 12 дугаар сард NBC телевизэд ярилцлага өгөхдөө "хууль бус цагаачдын хүүхдүүдийг АНУ-д төрсөн ч гэсэн эцэг эхийнх нь хамт албадан гаргах ёстой" гэж мэдэгдэж байв. "Би гэр бүлийг салгамааргүй байна. Гэр бүлүүдийг аврах цорын ганц арга бол эцэг эх ба хүүхдүүдийг хамтад нь нутаг буцаах явдал юм" гэж тэрбээр хэлсэн юм. 


Өөр ямар орнуудад ийм иргэншил олгодог вэ?


Канад, Мексик зэрэг дэлхийн 30 гаруй улс нутаг дэвсгэрт нь төрсөн хүүхдүүдэд ямар ч хязгаарлалтгүйгээр автоматаар иргэншил олгодог.  Их Британи, Австрали зэрэг оронд эцэг эхийнх нь аль нэг нь тус улсын иргэн эсвэл байнгын оршин суугч бол хүүхэд нь автоматаар иргэн болдог.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг