ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 22 /DW/. Аюулгүй байдал, тагнуулын тал дээр алдаа дутагдал гарсны улмаас Израил улс 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ХАМАС бүлэглэлийн гэнэтийн халдлагад өртсөн тул тус улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгджээ.
Израилын армийн хамгийн өндөр албан тушаалтан болох дэслэгч генерал Херзи Халеви хэлэхдээ, өөрийнх нь удирдлага дор ажиллаж буй Батлан хамгаалах хүчин /БХХ/ “Израилыг хамгаалах үүргээ биелүүлээгүй” хэмээн албан тушаалаасаа огцорч байгаа боловч хариу арга хэмжээ авах тал дээр чухал амжилтад хүрсэн гэж мэдэгдсэн байна.
Израилын тал Газын зурваст 17 мянга гаруй босогчийг устгасан гэж мэдэгдэж байгаа хэдий ч ямар нэгэн нотлох баримтыг дэлгээгүй байгаа бол ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Эрүүл мэндийн яам "47 мянга гаруй палестин хүн амиа алдсаны дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан" гэж мэдээлжээ.
Х.Халеви Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кацад илгээсэн захидалдаа, 10 дугаар сарын 7-нд болсон халдлагын талаарх БХХ-ий мөрдөн шалгах ажиллагаа дуустал, гуравдугаар сарын 6-нд албан тушаалаасаа буух хүртлээ албан тушаалаа үргэлжлүүлэн хашна гэж бичсэн байна.
“Би БХХ-ий командлалыг зохих журмын дагуу дараагийн хүнд шилжүүлнэ” гэж тэрбээр хэлжээ. Мөн Газад явуулж буй ажиллагааг удирдаж буй Израилын өмнөд командлалын тэргүүн, хошууч генерал Ярон Финкельман огцрох өргөдлөө өгсөн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0