Улсын Их Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо хамтран “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.01.21/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн.
Тэрбээр, Бид хуулиудад цаг үеийн шаардлагад нийцсэн өөрчлөлтүүдийг хийгээгүйгээс хууль, эрх зүйн орчин нийгмийн хөгжлөөс хоцорч, тэрхүү хурдтай өөрчлөлтийг зохицуулж чадахгүй болсноос иргэдийн дунд бухимдал бий болж байна. Тиймээс УИХ-ын гишүүд голлох хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, цаг үетэй хөл нийлүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна хэмээлээ. УИХ-ын дарга, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй дийлэнх хуулиуд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохицуулахад чиглээд, иргэдийн эрхийг хамгаалах, хангах зохицуулалт нь орхигдсон байна гэдгийг ахмад хуульчид, энэ салбарынхан хэлж буйг тодотгоод, иргэдийн дунд хуулийн талаарх ойлголт маш сул байгаа нь тэдгээр хуулиуд иргэндээ хүрч үйлчилдэггүй, амьдралд нь нэвтрэхгүй байгаатай холбоотойг онцолсон юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канадын Засгийн газрын санхүүжилтээр манай улсад 10 гаруй жил хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны хүнд суртал, авлигыг арилгах талаар судлаад, төр өөрөө дахин инженерчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай гэсэн асуудлыг хөндсөн байна.
Харамсалтай нь үүнээс хойш 10-аад жил өнгөрсөн ч хэрэгжүүлэх ажил 10, 20 хувиас дээш гарсангүй гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэн хэлсэн. Тийм ч учраас УИХ санаачилга гаргаж, аль нэг салбарын сайд, агентлагийн удирдлага, тэдгээрийн санаачилгаас үл хамааран УИХ-ын тогтоол баталж, бүх түвшиндээ процессын дахин инженерчлэлийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн учраас УИХ-ын гишүүн Ч.Анараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан гэдгийг тодотголоо. Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга байхдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэлийг хийх ажлыг дэмжиж, эхлүүлсэн гэдгээ тэрбээр дурдаад, энэ санаачилга нь цоо шинэ зүйл биш, процессын дахин инженерчлэлийг 1996 оноос эхлэн тодорхой хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж ирсэн бөгөөд төр залгамж халаатай, өмнөх туршлага, сургамждаа суурилж, үргэлж илүү сайныг бүтээхийн төлөө тасралтгүй ажиллах ёстой гэлээ.
Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2023 онд хийж гүйцэтгэсэн процессын дахин инженерчлэлийн шинжилгээгээр зөвхөн нэг яамны хувьд чиг үүргийн давхцалтай 65 үйлчилгээ, сайжруулах шаардлагатай 1900 гаруй, үл тохирох 214 процесс байгааг тогтоосон байна. Үүнийг сайжруулж, засахын тулд бодлого, стратеги, менежмент, процессын өөрчлөлт хийх ажил эхэлснээр тус салбарт төрийн үйлчилгээг хүргэх, авах дундаж дамжлага 20 үйл явцыг 2-5 дахин бууруулж, иргэдээс шаардах баримт бичгийн тоо цөөрч, хүнд суртал багасаж, үйлчилгээ авах дамжлагууд эрс цөөрсөн зэрэг ахиц гарсан гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар процессын дахин инженерчлэлийн талаар илтгэл танилцуулсан.
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл гэдэг нь төрийн үйл ажиллагааны процессын урсгалыг цоо шинэлэг байдлаар дахин загварчлах, эрс тэс шинэчлэн төлөвлөх замаар өртөг, чанар, үйлчилгээ болон хурд зэргийг үсрэнгүй сайжруулж, суурь сэтгэлгээг өөрчлөх явдал юм гэдгийг тэрбээр тодотгон хэлсэн. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн эрхэм зорилгод тулгуурлан “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг бий болгох стратегийн зорилтыг 2024-2028 онд дэвшүүлсэн билээ. Процессын дахин инженерчлэлийн хүрээнд эдгээр стратеги зорилтуудтай төрийн байгууллагуудын процессыг уялдуулж загварчлах бөгөөд бодлоготой уялдуулж байгууллагын бүтэц, хүний нөөц, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, автоматжуулалт, аутсорсинг, эрсдэл, гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага зэрэг суурь бүрэлдэхүүнүүдийг шаардлагатай бол шинээр төлөвлөж, өөрчлөх өргөн цар хүрээг хамрах аж.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Анар хүн төвтэй үзэл санаа ба одоогийн төрийн үйлчилгээний тухай, И-Монгол цахим үйлчилгээний дэвшил болоод, тулгарч буй бэрхшээлийн талаар, цахим засаглал, түүний концепцуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Энэхүү процессын дахин инженерчлэлийг ашиглан төрийн үйлчилгээний дижитал шилжилт нэгдсэн байдлаар хийх нөхцөл бүрдэх бөгөөд үр дүнд нь төрөөс иргэн, бизнесийн байгууллага, төрийн албан хаагчдад үзүүлж буй үйлчилгээ хялбар, саадгүй, ил тод, өгөгдөлд суурилсан проактив болох бөгөөд төрийн байгууллага хоорондын үйл ажиллагаа нь илүү өгөгдөлд суурилсан хурдан шуурхай, найдвартай, ажил үүргийн давхардалгүй, хийдэлгүй болно гэж ажлын хэсгийн ахлагч үзэж буйгаа илэрхийлсэн.
Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийснээр иргэдэд тулгарч болзошгүй асуудлыг урьдчилан тооцож, шийдлийг санал болгох, проактив, хүн төвтэй төрийн үйлчилгээг хүргэх бол бизнесийн байгууллагуудад чиглэсэн төрийн үйлчилгээ, ил тод байдлыг сайжруулж, төрөөс олгох лиценз, зөвшөөрлийг хялбар болгох, төрийн байгууллагуудын зүгээс ирэх аливаа дарамт, хүнд суртлыг байхгүй болгохыг зорилго болгожээ. Түүнчлэн төрийн албан хаагч ажилд орохоос эхлэн албан тушаал, цалин хангамж, тэтгэвэрт гарах хүртэл бүх үйл ажиллагаа, цалин урамшуулал, хөнгөлөлт зэргийг ил тод, тодорхой, шилэн болгож, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллага тус бүр дээр байгаа өгөгдлүүдийг нэгтгэснээр давхардал, алдагдлыг арилгах, мэдээллийн технологийн дэмшлийг ашиглан цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг сайжруулалт хийгдэнэ гэж тооцсон байна.
Дараа нь Төрийн бүтээмжийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис илтгэл танилцуулсан.
Тэрбээр процессын дахин инженерчлэл гэж юу болох, процессын удирдлага ба дахин загварчлалын талаар мэдээлэл өгсөн. Мөн нөхцөл байдлын шинжилгээ, хүрэх үр дүн болоод шалгуур үзүүлэлт, процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэх загвар, оролцогч талуудын талаар тайлбарлан, эмнэлгийн 13А маягт болон төрийн үйлчилгээгээр жишээ болгон тайлбарлав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд, яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон харьяа байгууллагын холбогдох ажилтнууд оролцсон. Мөн 21 аймгаас төрийн байгууллагын албан тушаалтнууд цахимаар оролцсон юм. Процессын дахин инженерчлэлтэй холбоотой илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, мэдээлэл авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл2
Худлаа, ямарч үр дүнгүй,төсөвийн хөрөнгөөр өөрсдийгөө рекламдсан иймэрхүү арга хэмжээгээ болиочээ. Зүгээр л төрийн албан хаагчдын, яам агентлагуудын тоог цөөрүүлэлдээ.
Говь-Алтайн тэмээний хөх үдээр дараагийн ерөнхийлөгч болох гэж сурталчилгааны ажлаа хийж байгаа. Одоогийн мантуу нүүрт хар илжигтэйгээ түнжин их муу болсон сурагтай..