ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид Гуантанамо дахь Америкийн тэнгисийн цэргийн баазын шоронд хоригдож байсан 11 хоригдлыг суллажээ. Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, суллагдсан хүмүүс Йемений иргэд аж.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс” тэднийг Йемен улсын хөрш Оман руу шилжүүлэх ажээ. “Гуантанамо дахь шоронгийн хоригдлуудын тоог цөөрүүлж, энэ шоронг хаахад тусалсан Оман улсын эрх баригчдад АНУ-ын засаг захиргаа талархаж байна" гэж Пентагоны мэдэгдэлд дурджээ.
“The New York Times” сонинд бичсэнээр, шоронгоос суллагдсан Йемений иргэдэд ял оноогоогүй боловч эх оронд нь иргэний дайн үргэлжилж буй тул нутагт нь буцаагаагүй байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Гуантанамогийн шоронгоос дөрвөн хоригдлыг сулласан юм. Одоо уг шоронд 15 хүн хоригдож байгаа бөгөөд тэдний нэг нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж буй Халид Шейх Мохаммед юм. Өнгөрсөн оны долоодугаар сард Халид Шейх Мохаммед болон түүний хоёр хамсаатан цаазаар авах ялаас чөлөөлсний хариуд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэрээг мөрдөгчидтэй байгуулсан боловч Пентагоны тэргүүн Ллойд Остин шүүх хурлаас өмнө уг гэрээг цуцалжээ.
Кубын Гуантанамо арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазын тусгай шоронг 23 жилийн өмнө бага Жорж Бушийн засаг захиргаа есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа нээж байжээ. Уг шоронд нийт 779 эрэгтэй хоригдож байсан бөгөөд тэдний дийлэнх нь хэзээ ч яллагдагчаар татагдаж байгаагүй юм.
Гуантанамо дахь тусгай шоронг хаана гэж Барак Обама 2007 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан боловч Конгресс дахь Бүгд найрамдах намынхан түүний энэ төлөвлөгөөнд саад хийсэн юм. Ж.Байден мөн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө шоронг хаахаар төлөвлөж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 2018 оны нэгдүгээр сард эхний бүрэн эрхийнхээ хугацаанд шоронг татан буулгахгүй байх тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Тэрбээр энэ шийдвэрээ Америкийн болон олон улсын хууль тогтоомжид нийцсэн гэж мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0