ДАМАСК, 2025 оны нэгдүгээр сарын 8 /DW/. Мягмар гарагт “Qatar Airways” компанийн нисэх онгоц Дамаскийн олон улсын нисэх буудалд бууснаар Ерөнхийлөгч асан Башар Асадын дэглэм нуран унаснаас хойш Сирийн нийслэлд анх удаа арилжааны онгоц газарджээ.
Мөн сүүлийн 13 жилийн хугацаанд Катарын арилжааны нисэх онгоц Сирид буусан анхны тохиолдол боллоо. 2011 онд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг Б.Асад нухчин дарснаар иргэний дайн дэгдсэн бөгөөд түүнээс хойш олон улсын агаарын тээврийн ихэнх компани Сири рүү нислэг үйлдэхээ зогсоогоод байв.
Дамаскийн нисэх онгоцны буудлаас анхны арилжааны нислэг АНЭУ-ыг чиглэн хөөрсний дараахан дээрх онгоц газардсан байна. Мөн Йорданы “Royal Jordanian” компанийн төлөөлөгч хэлэхдээ, мягмар гаргийн орой нийслэл Амманаас Дамаск руу туршилтын нислэг хийнэ гэдгийг батлан мэдэгджээ. Сирийн Иргэний нисэхийн зохицуулах хорооны дарга, ахмад Хайтам Мисто Дамаскийн нисэх буудалд олон улсын нислэгийн хөдөлгөөнийг бүрэн сэргээхэд бэлэн байгаа эсэхийг шалгахын тулд дээрх нислэгээр зорчино гэдгээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн 12 дугаар сарын эхээр босогчид нийслэлд дайран орж, Б.Асадын дэглэм унахад ойртсон үед ажилтнууд болон цэргийн алба хаагчид нисэх онгоцны буудлыг орхин явжээ.
Сирийн түр засгийн газрын хэд хэдэн удирдагч хоёр талын харилцааг хэвийн болгох, Сириэс Йорданаар дамжин Булангийн бусад орон руу каптагон амфетамин хэмээх мансууруулах бодисыг зөөвөрлөж буйг таслан зогсоох асуудлыг хэлэлцэхээр мягмар гарагт Йорданд ирсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Сири хэмээх оронд энх амгалан,,,эв найрамдал цэцэглэн мандах болтугай,,,
Оросын колончлол нуран унаж Сиричүүд аврагджээ. Азтай улс юмаа.
Оросыг дагасан уруудаж,салж чадсан нь хөгжин цэцэглэдэг.