sonin.mn

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж малтайгаа нуурын зэгс рүү нүүж явахтай манай сурвалжлах баг таарлаа. Арванхоёрдугаар сар гарчихсан энэ өдрийн нүүдлийг гайхан асуутал тэрээр “Энэ жил харин ч оройтоод нүүчихлээ” гэсэн юм. Учир нь Ховд аймгийн малчид өвлийн эхэн сараас малтайгаа нуурын зэгс, шагшуургат арал, тохойнуудаар суурьшиж, өвөлжих бэлтгэлээ хийдэг.


Арлын зэгс, шагшуурга нь хоёр метр гаруй ургасан бөгөөд ус хөлдсөн үед малын идэш тэжээл элбэгтэй, дулаан, өнтэй өвөлжих боломжийг олгодог байна.


Гэвч А.Орломсүрэнгийн суурьших арал голоороо тасарч, мал амьтан идээшилж, хүн амьдрах нөхцөлгүй болжээ. Энэ нь анхны удаагийнх биш ажээ. Энэ тухайгаа “Тэр жил арлын доогуур заарт харх нүх ухсанаас болж автомашинаа усанд унагаж байсан. Малчид бидний энэ цагийн дайсан чинь энэ амьтан болоод байна шүү дээ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн малчдын бэлчээр, суурьшлын бүсийг сүйтгэдэг ганц амьтан бол заарт харх буюу ондатр юм. Тиймээс “Зууны мэдээ” сонины “Эрэн сурвалжлах баг” Ховд аймгаас энэ удаагийн ээлжит сурвалжилгаа бэлтгэлээ.


Заарт харх буюу ондарт нь хойд Америкийн унаган амьтан буюу харь зүйл юм. Килограмм хагасын жин татах энэ амьтан анх 1930-аад оны сүүлээр голын урсгалаар дамжин манай улсад орж ирсэн байдаг. Судлаачид түүний мах, арьсыг нь хожим ашиглаж болох юм гэсэн нь үнэхээр биеллээ олсон байдаг. Тухайлбал, 1942 оноос Сэлэнгэ, Орхон, Онон, Улз голоор дамжин олноор үзэгдэж эхэлсэн боловч дээрх голуудад заарт хархны амьдрах таатай орчин байгаагүйтэй холбоотойгоор агнуурын нөөцтэй болох хэмжээнд хүртэл олширч чадаагүй. Үүнийг ажигласан агнуур зүйч Я.Даш 1967 оноос академич, профессор О.Шагдарсүрэнгийн удирдлагаар ондатрыг зөөлөн дулаан өвөлтэй, усан сүлжээ бүхий газруудад үслэг эдлэлийн зорилгоор олноор нь авчирч нутагшуулж эхлэсэн байна. Тодруулбал, Орхон голын цутгал Буур голоос үржлийн 50 бодгалийг барьж Хар ус нуурын Цагаан голд тавьснаар ондатрыг шинээр нутагшуулах ажил эхэлж, 1980-аад он хүртэлх хугацаанд Их нууруудын хотгорт нийт 415 бодгалийг нутагшуулсан байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам амьтны арьсан хувцасны хэрэгцээ багасаж, харин заарт хархнууд өсөж үржсээр байна.


Арлыг сүйтгэгч заарт харх


Оготны төрлүүдээс хамгийн том биетэйд тооцогдох энэ амьтан гол мөрөн, сувгуудын хөвөө дагуух өвөл хөлддөггүй гүехэн хэсэгт түшиглэн амьдарна. Ингэхдээ үүрээ газар ухаж засдаг. Үүрнийх нь үүд болон унтах тасалгаа, зулзагануудынх нь тасалгаа хоорондын хонгил, агааржуулах нүхнүүдтэйгээ нийлээд үүр нь дунджаар 10 метр хүртэл урт байхаас гадна усны ургамлын иш шавартай зуурч “овоохой” барьдаг. Үүр доторх температур нь өвлийн улиралд 0 хэмээс буудаггүй байна. Тэгвэл энэ амьтан үүрээ бэлдэхийн тулд нь малчдын бэлчээрийг сүйтгэж байна. Дөргөн сумын Агваш арлын эргэн тойронд тохижуулсан малын өвөлжөө 56, намаржаа 23, тохижуулаагүй боловч орж өвөлждөг арал 14 байна. Харин Ховд голын цутгал салаануудыг дагаж бургас, шагшуургатай голын тохой, арлыг дагасан нийт 160 гаруй өвөлжөө, намаржаа байдаг. Харин Цагаан голын арлуудыг дагаж байрласан 60 гаруй өвөлжөө байна. Эдгээр өвөлжөөнд буусан айлуудын малын бэлчээр нь заарт хархны тархац нутаг, байршилтай шууд давхацдагаас үүдэж жил бүр их хэмжээний арлууд устдаг байна.


Малын өвөлжөөтэй заарт хархны тархац нутаг, байршилтай шууд давхацдагаас үүдэж жил бүр их хэмжээний арлууд устдаг байна. Б.Мөнхжаргалынх Ховд аймгийн Чандмань сумын “Сүлжээ” багт нутаглаад 30 гаруй жил болж буй. Энэ жил тэдний гэрийн доогуур ухаж заарт харх үүрээ барьж, овоохойгоо засжээ. Энэ тухай тэрээр “Заарт харх Цагаан голын арлыг сүйтгээд дуусаж байна. Тухайлбал, манай гэрт овоохойгоо ухчихсан. Үүнээс үүдэж хөхөө өвлийн хүйтэнд буйраа сэлгэж буулаа. Заарт харх үүрлэсэн арлууд дулаан орохоор нурдаг. Манай энэ арал ирэх хавар нурах байх. Ингэхээр бид ирэх жил дахин өөр арал дээр өвөлжих нөхцөл үүсэж байна” гэсэн юм.


Хар-ус нуурыг заарт хархнууд олон салаа хөндий суваг, нүх ухах замаар арлын хөрсийг эвдэж, ухсан сувгаар нь ус дүүрэхэд арлууд тасарч хөвөх, усанд автах, намагших нөхцөлийг бүрдүүлдэг нь нуур орчмын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байна.


Түүнчлэн нуурын эргийн болон намгийн ургамалд ялангуяа, түүний идэш тэжээл, овоохойд их хэмжээгээр ашиглагддаг зэгс, шагшуурын нөхөн сэргэлтэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс Хар ус нуурын Цагаан гол, Хойд далай нуур, Чоно харайх гол, Лүнгийн хоолойд даац хэтэрсэн. Мөн элбэгшдэг газруудад заарт хархны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авах болсныг харуулж байна. Энэ тухай байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэл “Хар ус нуур орчмын нутаг дэвсгэрийг 1997 оноос Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.


Байгалийн цогцолборт газрын статустай тул тэнд тархсан биологийн төрөл зүйл, байгалийн нөөц баялгийн хамгаалалт, зохистой ашиглалтын үйл ажиллагаа нь 2017 онд шинэчлэгдсэн Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулахаар болсон юм.


Хууль бус байдлаар далд явагдаж буй агнуурын үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчихөөс гадна амьтны аймгийн тухай хууль, хууль бус замаар Монгол Улсын хилээр арьс гаргах, худалдаалах, худалдан авах зэргээр хил гаалийн холбогдох эрх зүйн актуудыг зөрчих нөхцөлийг бий болгож байна. Үүнээс үүдэж заарт хархыг агнах, худалдан борлуулахаа больсноос арал тасарч, малын бэлчээр сүйдэж, ус харз хөлдөхгүй байна. Тиймээс дээрх хуулиудад өөрчлөлт оруулж эсвэл тусгай журмаар агнах эрх олгож, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй байна” гэлээ.


Заарт хархыг агнаж, экологийн тэнцвэрт байдлыг бий болгох шаардлагатай


Хар ус нуурын эрэг, арал, булан, тохой, татаал усанд 70 мянга орчим заарт харх тархаж амьдрах боломжтой. Гэвч өнөөгийн байдлаар намрын улиралд 80-100 мянган заарт харх амьдарч байгаа нь даацаас 1.2 дахин хэтэрч байгааг судалгаагаар тогтоожээ. Иймээс экосистемд үзүүлэх заарт хархны сөрөг нөлөөллийг багасгахын тулд популяцийн мониторинг дээр суурилсан тогтвортой агнуур зохион байгуулалт хийх нь тоо толгойг зохицуулахаас гадна байгаль хамгаалал болон орон нутгийн эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой аж. Ингэхдээ Хар ус нуурт агнуурын өмнөх намрын сүргээс 15-25 хувийг нөхөн үйлдвэрлэлд үлдээж 75-85 хувийг агнахад амьдрах орчны тэтгэх даацыг хэтрүүлэхгүйгээр тогтвортой ашиглах боломжтойг Ховд их сургуулийн байгалийн шинжлэл, технологийн сургуулийн хийсэн судалгаанд дурджээ.


Л.Бэлэгдэмбэрэл


Заарт харх буюу ондатр нь зөвхөн бэлчээр сүйтгээд зогсохгүй хүний эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ талаар Дөргөн сумын байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэл “Жилд 40 мянга орчим заарт харх агнуур болон байгалийн улирлын шинж чанартай хорогдож байна. Ингэхдээ эдгээр амьтан нь уснаас гаралгүй усан дотроо үхдэг. Үүнээс үүдэж гол бохирдож байна. Үүний нэг жишээ, манай Дөргөн сумын ундны ус шинжилгээгээр маш муу гардаг. Үүнээс үүдсэн хорт хавдрын өвчлөл их байдаг. Манай сумын иргэд ихэвчлэн ходоодны хавдраар нас бардаг” гэсэн юм.


Хар ус нуурын эрэг, арал, булан, тохой, татаал ус гэсэн амьдрах орчинд 70 мянга орчим бодгаль тархаж амьдрах багтаамжтай боловч өнөөгийн байдлаар намрын улиралд 80-100 мянган бодгаль амьдарч байгаа нь орчны тэтгэх даацаас хэтэрдэг байна.


Тиймээс хууль бус агнуурын үйл ажиллагааг зогсоож, агнуур зохион байгуулалтын хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай байгааг малчид болон судлаачид хэлж байлаа.


Ингэхдээ мэргэжлийн байгууллагаар агнуур зохион байгуулалтын төлөвлөгөө хийлгэж, шинжлэх ухааны арга зүйг тусгасан арга техникийг ашиглах нь зүйтэй юм. Энэ талаар Хар ус нуурын Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Ганзориг “Заарт хархны сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор Байгаль орчны сайдын тушаал удаа дараа гарсан хэдий боловч хэрэгжилт хангалтгүй байна. Учир нь заарт хархны экологи эдийн засгийн үнэлгээ хэт өндөр, тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг учир агналт хийхэд төвөгтэй, гадаад, дотоод зах зээлд эрэлт муу зэргээс шалтгаалж байна. Цаашид заарх хархны агнуур зохион байгуулах тусгай журамтай болох, “Агнуур зохион байгуулалтын үед агнуурын бүс нутгийг тогтоох, ондатрын нягтшил, тоо толгой, нөөц, амьдрах орчны нөхцөлөөс гадна тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэл, хамгаалалтын горим, дэглэмийг харгалзан үзэх, Мэргэжлийн байгууллага, ТХГН-ийн захиргааны хамтарсан хяналтыг бий болгож агнуурын менежмент, технологийн горимыг сайжруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж, байгальд сөрөг нөлөөгүй хэлбэрээр агнуурыг зохион байгуулах. 


Мэргэжлийн байгууллагаас жил бүр тогтоосон заарт хархны популяцийн тоо толгойн үнэлгээ, нөхөн сэргэх чадавх, насны бүтэц, хүйсийн харьцаа, байршил, тархац нутаг, ашиглах тоо хэмжээг үндэслэн боловсруулж баталсан агнуурын норм хэмжээг баримтлах.


Анчид, заарт харх агнадаг орон нутгийн иргэдийн дунд байгальд сөрөг нөлөөгүйгээр агнах, хуулийн дагуу агналт хийх, ангийн түүхий эдийг авах, хадгалах, ангилах талаар сургалт зохион байгуулах. Түүхий эдийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд арьсыг ангилан соортлох, эцсийн бүтээгдэхүүнд ашиглахад бэлэн болгож элдэж боловсруулах, борлуулалт, гадаад, дотоод зах зээлийн сүлжээг бий болгох, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхийг дэмжих, агнуурын үйл ажиллагаанд орон нутгийн байгууллага, иргэдийн оролцоог дэмжих, хамтран ажиллах, тэднийг зохион байгуулалтад оруулж нэгдсэн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах. экологи эдийн засгийн үнэлгээг бууруулах, гадаад дотоод зах зээлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бэлтгэх арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж чадвал тухайн амьтны зүгээс байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөлийг бууруулж, нутгийн иргэдэд амьжиргааны нэмэлт эх үүсвэр бий болох боломжтой юм. Хар-ус нуурт ондатрын агнуурыг зохион байгуулахдаа агнуурын өмнөх намрын сүргээс 15-25 хувийг нөхөн үржилд үлдээж 75-85 хувийг агнах боломж байна” гэсэн юм.


Жилд 3-4 удаа төрж 10-12 зулзага гаргадаг


М.Отгонбаатар


1967-1975 оны хооронд нутагшуулсан энэ амьтад 50 гаруй жилийн хугацаанд Ховд голыг өгсөж Увс аймгийн Ачит нуур, Баян-Өлгий аймгийн Шар нуур хүртэл, Буянт голыг өгсөж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Хар усны гол хүртэл, Чоно харайх голыг уруудаж Хар нуур, Тээлийн хоолой, Хомын хоолой, Ногоон нуур, Олгой нуур хүртэл тархжээ.


Өөрөөр хэлбэл, Хар ус нуурт нутагшуулсан заарт харх нь дасан зохицож, богино хугацаанд тархац нутгаа тэлж, тоо толгойн хувьд олширч, агнуурын нөөцтэй болсон юм. Гэвч агнуурын үйл ажиллагаа тийм ч удаан үргэлжилсэнгүй.


Энэ тухай судлаач, доктор М.Отгонбаатар “1967 онд төрийн бодлогоор агнуурын нөөц амьтан бий болгож, зах зээлд арилжих зорилготой нутагшуулсан байдаг. 1970 оноос агнуурын зориулалттай агнаж 1-3 ам.долларын үнэтэй гадаад руу худалдаалж эхэлсэн. Мөн арьсаар нь дотооддоо малгай хийж өмсөх болсноор заарт хархны арьсны эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж хууль бус агнуур, хар захын наймааны эх үүсвэр тавигдсан. Үүнээс шалтгаалан заарт хархны үүр овоохойг ухаж, Хар ус нуурын арал тохойг хөндөж эхэлсэн. Учир нь заарт хархны авыг аравдугаар сарын 15-наас буюу ус хөлдөхөөс өмнө эхэлж, арванхоёрдугаар сарыг дуустал буюу ус бүрэн хөлдөж дуусахад зогсоодог байлаа. Энэ нь хэмжээг зохицуулагч байгалийн хүчин зүйл болдог байсан. 1990 оноос агнуурын аж ахуйн зохион байгуулалт байхгүй болж, арьс нь ч үнэгүйдэж агнахаа больсон. Заарт харх нь жилд гурван удаа төрдөг. Нэг төрөхдөө дунджаар 12 гөлчгий гаргадаг. Үржлийн өндөр идэвхтэй тул тоо толгой нь маш хурдацтай өсдөг. Ингээд хурдацтай үржиж эхэлсэн байдаг” гэсэн юм.


Бусад улсууд арьс болон махыг нь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна


Сонирхуулахад, Канадад нэг га газраас жилийн турш 20 ширхэг арьс, АНУ-ын өмнөд нутагт 50 ширхэг арьс бэлтгэдэг байна. Ондатрын арьсыг үйлдвэрт боловсруулан дээл, хүрэм, малгай, хүрэмний зах, хөнжил, ороолт, ханцуй үйлдвэрлэхэд ашигладаг. Халиу 100 хувийн эдэлгээтэй гэж тогтоосноор харьцуулбал ондатрын арьс 45 хувийн эдэлгээт чанартай. Гэрийн туулай 20, зэрлэг туулай таван хувийн эдэлгээт чанартай байгаагаас үзэхэд ондатрын арьс бат бөх чанар сайтай юм.


Хойд Америкт ондатрын махыг хүнсэнд хэрэглэдэг. Зарим тохиолдолд хүндэтгэлийн зоог барихад зориулан бэлтгэдэг тохиолдол ч байна. Америкийн Луйзиана муж улсын эрдэм шинжилгээний институтын судалгаагаар ондатрын махны найрлагад ус 68.4, фосфатын агууламж 2.7, өөх тос 3.6, протейн 19.5, эрдэс бодисын хуурай үлдэгдэл 5.8 хувь байдгийг тогтоожээ.


Н.П. Лавровын (1947) тэмдэглэснээр ондатрын мах нь үхэр, хонины маханд чанараараа хүрэхгүй ч туулайн махнаас илүү чанарлаг гэжээ. Мөн заарт хархны маханд 17 амин хүчил тодорхойлсноос найм нь үл орлогдох амин хүчил байв. Мөн таван тосны хүчил тодорхойлж үзэхэд омега-3, омега-6, омега-9 гэсэн ханаагүй тосны хүчил байгааг тогтоожээ. Эдгээр тосны хүчил болон үл орлогдох амин хүчлүүд агуулагдаж байгаа нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэглэх боломжтойг харуулж байна.


Цаашид бидэнд хоёр л сонголт үлдээд байна. Заарт хархыг анх нутагшуулсан зорилгынхоо дагуу ашиглах эсвэл Ховд аймгийн малын бэлчээрийг сүйтгүүлж, мал аж ахуйгаа устгах. Тиймээс бид үүнд анхаарлаа хандуулж судалгаа хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай байна.


Хэрэв агнуурын аж ахуйг сэргээж чадвал үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх бүрэн боломж бий. Харин энэ хэвээр үлдээвэл мал нь өвөлжих бэлчээргүй, Дөргөн болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц мөрөөдөл болж үлдэх нь.


Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин