sonin.mn

ДАКА, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /DW/. Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасинаг эх оронд нь буцаан авчрах албан ёсны хүсэлтийг Энэтхэгийн талд тавьсан гэж Бангладешийн Гадаад хэргийн яам /ГХЯ/ даваа гарагт мэдэгджээ.

Ш.Хасина өөрийнх нь засаглалыг эсэргүүцсэн оюутнуудын тэргүүлсэн жагсаалын дараа албан тушаалаасаа огцорч, хилийн чанадад орогнох болсноос хойш Өмнөд Азийн хоёр хөрш улсын харилцаа хурцадсан байна.


“Бангладешийн Засгийн газар Шейх Хасинаг шүүхийн тулд буцаан авчрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ноот бичгийг Энэтхэгийн Засгийн газарт хүргүүлсэн” гэж Бангладешийн Гадаад бодлогын зөвлөх Тоухид Хоссейн мэдэгджээ. Тэрбээр шүүх үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Ш.Хасина хүн амины хэрэг, аллага, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр өнгөрсөн сард Дака хотын шүүхэд дуудагдсан байна.




Энэ оны наймдугаар сарын 5-нд олон хүн ордон руу нь дайран орох үед Ш.Хасина Бангладешаас нисдэг тэргээр зугтжээ. Үүний дараа түүний олон арван хамтран зүтгэгч нь 700 гаруй хүний ​​амийг хөнөөсөн ажиллагаанд оролцсон хэргээр баривчлагдсан байна.

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, дээр дурдсан хүсэлтийг хүлээн авсан гэжээ. “Бид өнөөдөр Бангладешийн Дээд комиссоос хэрэгтнийг шилжүүлэн авах тухай ноот бичиг хүлээн авснаа баталж байна. Одоогоор энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Ш.Хасинаг улс төрийн өрсөлдөгчдөө олноор нь баривчилж, шүүхээс гадуур хөнөөсөн зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлэн өгөхийг Энэтхэг улсаас шаардана гэж Бангладешийн түр засаг захиргааны тэргүүн, Нобелийн шагналт Мухаммед Юнус өнгөрсөн сард мэдэгдэж байв.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг