sonin.mn

ПАНАМА, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /DW/. Панамын сувгийг АНУ-ын мэдэлд буцааж авна гэсэн Дональд Трампын сүрдүүлэгт Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино хариу өгч, мэдэгдэл хийжээ.

“Панамын суваг болон зэргэлдээх нутаг дэвсгэрийн квадрат метр бүр Панамд харьяалагддаг, цаашид ч харьяалагдсаар байх болно. Панам улс бусад улсыг хүндэтгэдэг бөгөөд хариуд нь адилхан хүндэтгэхийг шаардаж байна" гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээнд мэдэгдсэн байна. 

Мөн Панамын сувгийг Хятад, Европын Холбоо эсвэл АНУ шууд болон шууд бусаар хянах боломжгүй гэдгийг Мулино онцолсноор Хятад улс сувгийг удирдахад хэт их нөлөөлж байна гэх Трампын мэдэгдэлд хариу өгчээ. Үүний зэрэгцээ Панам улс 2025 оны нэгдүгээр сард тангаргаа өргөх Дональд Трампын шинэ Засгийн газартай "найрсаг, хүндэтгэлтэй" харилцаагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. “Аюулгүй байдлын асуудлууд, ялангуяа хууль бус цагаачид, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисны наймаатай тэмцэх явдал бол хоёр улсын эн тэргүүнд хэлэлцэх ёстой асуудлууд мөн” гэж мэдэгдэлд дурджээ. 




Панамын сувгийг ашиглах одоогийн нөхцөлийг өөрчлөхгүй бол тус сувгийг АНУ-ын мэдэлд буцааж өгөхийг шаардаж магадгүй гэж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн юм. 




Панамын суваг 1914 онд албан ёсоор ашиглалтад орсон бөгөөд барилгын ажлыг голчлон Америкийн тал гүйцэтгэжээ. АНУ хэсэг хугацаанд хамтран ашигласныхаа дараа сувгийг 1999 онд Панам улсад бүрэн шилжүүлэн өгсөн байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг