sonin.mn

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам салбарын ахмад үеийнхэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.


Уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж үг хэлэхдээ:


"Монгол Улсын соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн өнөөгийн амжилтууд бол үе үеийн ахмад буурлууд та бүхний маань залуу халуун насаа зориулж, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө харамгүй зориулан тавьсан зам мөрийн үр дүн юм. Бидний өнөөдрийн бахархам ололт, цаашдын хөгжлийн үндэс суурь нь та бүхний маань ая гавьяаны үр шим билээ. Ахмадууд та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр салбарын ахмадууд өөрсдийн ажил, амьдралын туршлага, бүтээлч үйлсээ дурсан ярилцаж, үнэтэй зөвлөмж, санал сэтгэгдлээ хуваалцсан бол яамны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашдын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм.

Энэхүү арга хэмжээ нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг хүндэтгэн тэмдэглэж, тэдний оюуны өвийг залуу хойч үедээ уламжлан хөгжүүлэх, салбарын цаашдын зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл явдал болов.