sonin.mn

Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Залуучуудын Холбоо төрийн бус байгууллага “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” –ын үйл ажиллагааг 22 дахь жилдээ хамтран зохион байгууллаа.


Тус үйл ажиллагааг “Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор” жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залуучуудад “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх” зорилготой зохион байгуулдаг уламжлалтай.


Энэ удаагийн “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” –ын үйл ажиллагаа нь “Анхдугаар Үндсэн хууль” батлагдсаны 100 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд энд онд Монгол Улсын хэмжээнд 16 нас хүрч байгаа 62,668 өсвөр үе, залуучууд байна. Түүнчлэн “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” –ын үйл ажиллагааг 21 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын ивээл дор, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулж 850 орчим сурагчдын төлөөлөл оролцлоо.