sonin.mn

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “AM Best” агентлаг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхыг B, урт хугацааны зээлжих зэрэглэлийг BB+, цаашдын төлөвийг “Тогтвортой” гэж дахин үнэллээ. Манай компани нь олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харилцагчдадаа хүргэдэг, хөрөнгө, эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэн ажилладаг, чадварлаг баг хамт олон гэдгээ дахин нотлон харууллаа.


Санхүүгийн чадавхын хувьд “very strong” буюу “маш өндөр”, үйл ажиллагааны гүйцэтгэл, эрсдэлийн удирдлагыг “хангалттай” хэрэгжүүлэн ажилладаг гэж үзжээ.


Энэхүү үнэлгээнд компанийн санхүүгийн чадавх, үйл ажиллагааны гүйцэтгэл, бизнесийн үндсэн чиглэл, эрсдэлийн зохистой менежмент (ERM) зэргийг харгалзан үзсэн байна. “AM Best” агентлагийн хөрөнгийн хүрэлцээт байдлын харьцаа (BCAR) тооцох аргачлалаар “Үндэсний давхар даатгал” ХК-ийн эрсдэл даах чадварыг үнэлэхэд компанийн хөрөнгийн хүрэлцээт байдал нь маш өндөр (strongest) түвшинд байгаа нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг өндөр (very strong) түвшинд байна гэж дүгнэх үндэс болсныг тус агентлагийн зүгээс цохон тэмдэглэсэн байна.


Бид бүхэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн даатгалын үйлчилгээг даатгалын компаниудтай хамтран орон даяар үзүүлж, байгалийн гамшигт үзэгдлийн сөрөг нөлөөнөөс малчин өрхөд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлөх замаар тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлж ажилладаг. Тус агентлагаас “Өнгөрсөн 2023-2024 онд Монгол Улсад зудын гамшиг тохиолдсоны улмаас малчин өрхүүдэд учирсан үлэмж хэмжээний хохирлыг нөхөн төлөхдөө эрсдэлийн зохистой удирдлага, хөрөнгө оруулалт болон андеррайтингийн оновчтой зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд компанийн санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллаж чаджээ” хэмээн онцлон дурдсан байна. Цаашид бид үндэсний давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх, харилцан ашигтай олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Монгол Улсын даатгалын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт манай хамт олон итгэлтэй байна.