sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. “Оскар”-ын наадмын өмнө болдог шагнал гардуулах ёслолуудын эхлэлийг тавьдаг “Алтан бөмбөрцөг” наадмын шагналуудад нэр дэвшиж буй бүтээлүүдийг даваа гарагт танилцууллаа. Энэ удаагийн наадамд мюкизл, триллер жанрын “Emilia Perez” болон Дэлхийн II дайны дараах үеийн тухай өгүүлэх “The Brutalist” кинонууд хамгийн олон шагналд нэр дэвшжээ.


Тодруулбал, испани хэлээр туурвисан "Emilia Perez” кино 10 шагналд нэр дэвшсэн бол “The Brutalist” долоон шагналд өрсөлдөхөөр болсон байна. Ингэхдээ “Алтан бөмбөрцөг”-ийн дээд шагнал болох “Шилдэг драмын кино” төрөлд “Conclave”, “A Complete Unknown”, “Dune: Part Two”, “Nickel Boys” кинонуудын хамтаар өрсөлдөнө.


Харин “The Wizard of Oz” зохиолд гардаг шулмуудын талаар өгүүлэх Бродвейн жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Wicked” кино дөрвөн номинацид нэр дэвшсэн байна. Энэхүү кино “Шилдэг мюзикл кино, “Шилдэг инээдмийн кино” төрөлд романтик, инээдмийн жанрын “Anora” зэрэг кинонуудтай өрсөлдөхөөр болжээ.


“Алтан бөмбөрцөг”-т нэр дэвших нь кино бүтээлүүдийн хувьд ирэх гуравдугаар сард болох “Оскар”-ын наадамд өрсөлдөхөд тус дөхөм болох юм. Өнгөрсөн онд Холливүүдэд болсон ажил хаялт энэ онд нээлтээ хийх байсан кинонуудын хуваарьт ихээхэн өөрчлөлт оруулсан тул “Оскар”-ын “Шилдэг кино” төрөлд өнгөлөх бүтээл байхгүй байгааг шинжээчид хэлж байна.


Телевизийн төрөлд “The Bear” телевизийн цуврал таван төрөлд нэр дэвшсэн бол инээдмийн жанрын “Only Murders in the Building”, мөн “Шогун” түүхэн цуврал тус бүр дөрвөн төрөлд өрсөлдөнө. 2025 оны нэгдүгээр сарын 5-нд болох “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг инээдмийн жүжигчин Никки Глэйзер анх удаа хөтлөн явуулах бөгөөд CBS суваг, Paramount+ стриминг үйлчилгээгээр шууд дамжуулна.

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг