ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /CNN/. АНУ-ын хамгийн эртний толь бичиг болох “Мерриэм-Уэбстер” 2024 оны онцлох үгээр “туйлшрал” /polarization/ хэмээх үгийг сонгожээ.
Америкийн хэвлэлүүд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийгэмд үүссэн хагарал хуваагдлыг илэрхийлэхийн тулд энэ нэр томьёог өргөнөөр ашигласан гэж тус толь бичгийн цахим хуудсанд бичсэн байна.
Энэ үг мөн дэлхийн нийгмийн асуудлуудыг тусгаж, жилийн туршид үүссэн хагаралд олон нийтийн анхаарлыг хандуулж байна. “Мерриэм-Уэбстер” толь бичигт “туйлшрал” гэдэг нь бүлэг эсвэл нийгэм эсрэг тэсрэг хоёр тал болгон хуваагдах, үзэл бодол, итгэл үнэмшил өргөн хүрээг хамрахын оронд хэт туйлшрах үзэгдэл гэж тодорхойлжээ.
Цахим толь бичигт хамгийн олон хайлт хийгдэж, өнгөрсөн онуудтай харьцуулахад олны анхаарлыг хамгийн их татсан үгсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр онцлох үгийг нэрлэдэг гэж “Мерриэм-Уэбстер”-ийн ерөнхий редактор Питер Соколовски “Ассошиэйтед Пресс” агентлагт ярьжээ. Энэ оны дөрөвдүгээр сард нар хиртсэнтэй холбоотойгоор “бүтэн хиртэлт” /totality/, Тейлор Свифтийн шинэ дууны нэр болох “Fortnight” /хоёр долоо хоног/ хэмээх үгсийн утгыг мөн хүмүүс ихээхэн сонирхсон байна.
“CNN”-ийн мэдээлснээр, “Мерриэм-Уэбстер” нь оны онцлох үгээ зарласан сүүлийн англи хэлний толь бичгүүдийн нэг болж байна. Өмнө нь Оксфорд “тархины ялзрал” /brainrot/, Кембриж “манифест” /manifest/ хэмээх үгийг тус тус сонгосон бол “Dictionary.com”-ын хувьд “Тикток” платформд дүрс бичлэг байршуулагч Жулс Леброны нүүрээ будах үеэрээ хийдэг дүрс бичлэгүүдийг гарсны дараа хэрэглээ нь огцом нэмэгдсэн “даруухан, даруу төлөв” /demure/-г онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
hereggyi yumand bidniigee ch eeree ch tolgoigoo byy gasilga,naad ygiin chini byren eheeree manai nebterhii toli,Jamyan gynii tolid ch ali ertnii hadagdsan yum!!!!!yum medehgyi gadniihanii dagan dyyriagchid byy sanal?..............