СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /DW/. Онц байдал зарлах тухай зарлигийг нь шалгаж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг тус улсын эрх баригчид даваа гарагт хоригложээ.
Парламентын сонсголын үеэр нэгэн хууль тогтоогч Юн Сог Ёлийг улс орноо орхин гарахыг хориглосон эсэхийг асуухад, Хууль зүйн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн комиссар Бэ Сан Ап “Тийм ээ, тэгсэн” гэж хариулжээ. Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигатай тэмцэх газрын дарга өмнө нь Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг хориглохыг мөрдөн байцаагчдад даалгасан гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Юн Сог Ёль “Умард солонгосыг дэмжигч хүчнээс” ангижрахын тулд онц байдал зарласан гэж мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Гэвч энэ алхам нь улс орныг улс төрийн хямралд оруулжээ.
Нийслэл Сөүлийн гудамж, парламентын ордны эргэн тойронд зэвсэглэсэн цэргүүдийг байрлуулсан нь ард түмнийг цочирдуулсан байна. Улс төрийн асар их дарамт шахалтад орсны дараа Ерөнхийлөгч маргаан дагуулсан шийдвэрээ хэдхэн цагийн дотор цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.
Юн Сог Ёль гаргасан шийдвэрийнхээ төлөө хүлцэл өчсөн боловч огцрох хүсэлт гаргаагүй юм. Сөрөг хүчний намууд Ерөнхийлөгчийг огцруулна гэж мэдэгдсэн боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригч намын ихэнх хууль тогтоогч санал хураалтыг "бойкотлосны" улмаас түүнийг огцруулж чадаагүй байна.
Эрх баригч “Ардын хүч” нам /AХН/ мэдэгдэхдээ, “томоохон хагарал хуваагдал, эмх замбараагүй байдал”-аас зайлсхийхийн тулд уг санал хураалтыг "бойкотолсон" гэжээ. Тус нам “энэ хямралыг илүү эмх цэгцтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн байна. Харин сөрөг хүчин Ерөнхийлөгчид импичмент зарлах шинэ саналыг энэ долоо хоногт дахин өргөн барихаа амлажээ.
Ерөнхийлөгчийг саатуулах боломжтой юу?
Ерөнхийлөгчид хилийн хориг тавихаас гадна, нөхцөл бүрдсэн тохиолдолд цагдаа нар түүнийг баривчлах боломжтой гэж Үндэсний цагдаагийн газрын ахлах ажилтан даваа гарагт “Associated Press” агентлагт мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан тушаалаа хашиж байх хугацаандаа халдашгүй дархан эрхтэй байдаг. Гэхдээ бослого гаргасан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тохиолдолд хамаардаггүй байна. Үүнээс үзэхэд Юн Сог Ёлийг онц байдал зарлах зарлиг гаргасантай нь холбогдуулан цагдаа нар байцааж, саатуулж болно гэсэн үг. Гэхдээ Ерөнхийлөгчийн албан тушаалдаа байгаа цагт энэ нь боломжгүй гэж олон хүн үзэж байна.
Ням гарагт цагдаа нар Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг онц байдал тогтоох оролдлогод оролцсон хэргээр баривчилжээ. Тэрбээр богино хугацаанд үргэлжилсэн онц байдлыг зарлахад хүргэсэн гол хүнд тооцогдож байгаа аж. Түүний хувьд Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа хэдийнэ огцорсон юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0