ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /AP/. Саяхан нээлтээ хийсэн “Уолт Дисней” компанийн бүтээл болох “Moana 2” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 52 сая ам.долларын орлого олсноор кассын орлогын жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Тодруулбал, Хойд Америкт 300 сая, дэлхийн кинотеатруудаас 600 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлт нь Талархлын баярын дараах амралтын өдрүүдэд тогтоосон дээд амжилтыг эвдсэн бөгөөд 2019 оны мөн үед 35.2 сая долларын орлого олсон “Frozen II” киног ардаа орхисон байна.
Түүнээс гадна уг кино энэ онд хамгийн их орлого олсон кинонуудын эхний тавд багтжээ. Ингэснээр “Дисней” компанийн гурван бүтээл /”Inside Out 2”, “Deadpool & Wolverine”/ энэ оны шилдэг тавд бичигдэж байгаа юм. Тус студийн хувьд он дуусахаас кино үзэгчдийн хүртээл болгох гэж буй өөр нэгэн бүтээл бол “Mufasa” бөгөөд 12 дугаар сарын 20-нд нээлтээ хийнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “A24” компанийн аймшгийн, инээдмийн жанрын “Y2K” болон Английн жүжигчин Жуд Лоугийн тоглосон гэмт хэргийн сэдэвт “The Order” зэрэг хэд хэдэн шинэ уран бүтээл дэлгэцнээ гарч эхэлсэн юм. Гэхдээ Талархлын баярын үеэр олны хүртээл болсон “Moana 2”, “Wicked”, “Gladiator II” кинонуудтай дорвитой өрсөлдөж чадсангүй. Тодруулбал, кассын орлогын жагсаалтын хоёрдугаарт “Wicked” 34.9 сая ам.долларын орлогоор бичигджээ. Энэ кино гурван долоо хоногийн дотор дотоодын зах зээлээс 320.5 сая, дэлхийн зах зээлээс 455.6 сая ам.долларын орлого олсон байна.
Жагсаалтын гуравдугаарт “Gladiator II” кино 12.5 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол дөрөвдүгээрт “Red One” /долоон сая ам.доллар/, тавдугаарт “Pushpa: The Rule – Part 2” /4.9 сая ам.доллар/ кинонууд орлоо.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0