sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /VOA/. Баасан гарагт Сирийн ардчилсан хүчний (SDF) цэргүүд Дейр эль-Зор хотыг эзлэн авснаар Сири, Иракийн хилийн чухал боомтод хяналтаа тогтоожээ. 

Ингэснээр АНУ-аас дэмжлэг авдаг Сирийн сөрөг хүчний цэргүүд Башар Асадын дэглэмийн хяналтад байсан гурав дахь хотыг эзлэн авч байна. Ардчилсан хүчний давшилтад курдүүдийн зэвсэгт бүлэглэлүүд гол үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. 

Сирийн ардчилсан хүчний цэргүүд мөн Ирактай залгаа хилийн Альбу-Камаль боомт руу довтолсон гэж Сирийн армийн хоёр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ. 




Дейр-эль-Зор хот нь 2014 онд “Лалын улс” бүлэглэлийн мэдэлд орохоосоо өмнө 2011 оноос босогчдын хяналтад байсан юм. Сирийн арми Иракийн бүлэглэлүүдийн дэмжлэгтэйгээр 2017 онд тус хотыг эргүүлэн авч, өнөөдрийг хүртэл хяналтдаа байлгаж байсан юм.




Сирийн ардчилсан хүчний цэргүүдийн давшилт нь “Аль-Каида” бүлэглэлтэй өмнө нь холбоотой байсан бүлэглэл болох “Хайят Тахрир аш-Шам” тэргүүтэй босогчдын өөр бүлэглэлүүд Хомс хотын төв рүү дайрахтэй зэрэгцэн эхэлжээ. Эдгээр бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Алеппо, энэ долоо хоногийн эхээр Хама хотыг эзлэн авснаар засгийн газрын арми томоохон ялагдал хүлээлээ.

Сирийн ардчилсан хүчний тэргүүн Мазлум Абдигийн ярьснаар, түүний цэргүүд ялангуяа Алеппо хотод оршин суудаг курдүүдийг хамгаалахын тулд «Хайят Тахрир аш-Шам»-тай "холбоотой байгаа” ажээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг