sonin.mn

ХИРОШИМА, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /Kyodo/. Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн “Nihon Hidankyo” байгууллагын гишүүн Тошиюүки Мимаки ирэх долоо хоногт Нобелийн Энх тайвны шагналыг гардан авахаар Осло хотыг зорихдоо энх тайвны бэлгэдэл болсон цаасан шувуунуудыг авч явахаар төлөвлөж байна.

Японы Хирошима, Нагасакид хотод хаясан атомын бөмбөгт өртөгсдийн байгууллагуудын холбоо гэгддэг тус байгууллагын төлөөлөгч, 82 настай Т.Мимаки Норвегийн хаан V Харальд, Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фриднес болон бусад хүмүүст металлаар хийсэн “цаасан шувуу” өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.




Т.Мимаки Хирошимагийн ахлах сургуулийн хоёр сурагч, нэг багшаас 0.1 мм нимгэн хүрэл хуудсаар 15 тогорууг гурав гурваар нь багц болгон хийж, тэдгээрийн хоёрыг нь алтлаг, мөнгөлөг өнгөтэй болгохыг хүссэн байна. Мираи Сүсей ахлах сургуулийн багш Казүнори Савада хэлэхдээ, энх тайвны төлөөх захиасыг дамжуулах үйл хэрэгт сурагчдыг гар бие оролцуулах нь залуу хойч үедээ энэ захиасыг дамжуулахад тус дөхөм болно гэлээ. 

1945 онд Хирошимад атомын бөмбөгдөлтөнд өртсөн Садако Сасаки охин 1000 цаасан шувуу хийвэл эдгэрэх хүсэл нь биелнэ хэмээн итгэж олон мянган цаасан шувуу хийж байсан боловч 12 настайдаа цусны хорт хавдраар нас барсан юм. Түүнээс хойш ийм шувуу нь цөмийн зэвсгийг эсэргүүцэх бэлгэдэл болсон билээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг