sonin.mn

12-р сарын 5-нд Шинэ Дели хотноо Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх зөвшилцөл, зохицуулалтын ажлын механизмын 32-р хурлыг Хятадын Гадаад харилцааны яамны Хил, далайн хэргийн газрын дарга Хун Лян ,Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Зүүн Азийн газрын хамтарсан нарийн бичгийн дарга Гаурангалал Дас нар удирдан, хуралдуулжээ. Хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах, цагаачлалын албаны газрын төлөөлөл мөн оролцсон байна. 


Хилийн асуудлаар гаргасан шийдэлд хоёр тал нааштай үнэлэлт өгсөн бөгөөд холбогдох төслийг цаашид бүх талаар, үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Мөн хилийн асуудлаарх өнөөгийн нөхцөл байдлыг намжаах илүү бодитой арга хэмжээ авах талаар нийтлэг ойлголтод хүрсэн гэнэ. Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын дагуу, хоёр тал дараагийн Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн ээлжит уулзалтын бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж, хилийн асуудлаарх хэлэлцээний механизмыг сайтар ашиглан, дипломат болон цэргийн явдлын харилцаа холбоогоо хадгалж, хилийн бүсийн энх тайван, тогтвортой байдлыг үргэлжлэн хамгаалах болно гэжээ.


Г.Бямба