sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /CNN/. Калифорни муж улсын хойд хэсэгт орон нутгийн цагаар пүрэв гаргийн өглөө урьдчилсан байдлаар тогтоосноор 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөх нь харьцангуй ховор үзэгдэл бөгөөд дэлхийн хэмжээнд жилд 15 орчим удаа болдог байна.


Газар хөдлөлтийн дараа Калифорнийн зарим хэсэг, Орегоны эргийн шугамын орчимд цунамийн аюулаас сэрэмжлүүлэх мэдэгдэл хүргүүлсэн ба зарим оршин суугч гэр орноо орхин дүрвэсний дараа сэрэмжлүүлгийг цуцалсан байна.


Далайн эрэг орчимд болдог томоохон газар хөдлөлтүүдийн дараа ийм сэрэмжлүүлэг гаргадаг. Учир нь, шууд эрсдэлийг тодорхойлоход цаг хугацаа давчуу байдаг ба цунамийн аюул нь гамшигт үр дагаврыг авчирч болзошгүй юм. Газар хөдлөлтийн голомт Калифорни муж улсын Юрика хотоос өмнө зүгт Номхон далайд байсан гэж Геологийн албанаас мэдээлсэн байна. Юрика бол Сан-Франциско болон Орегоны Портленд хотуудын хоорондох далайн эргийн хамгийн том хот бөгөөд Сакраменто хотоос баруун хойд зүгт 400 гаруй км-ийн зайд оршдог.


Хүчтэй газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол учирсан тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна гэж Юрика хотын төлөөлөгч мэдээлжээ. Мөн Сан-Францискод хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл байхгүй гэж тус хотын гал түймэртай тэмцэх албаны ахмад Жастин Шорр мэдэгдсэн байна.


Калифорнийн захирагч Гэвин Ньюсом хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан онцгой байдал зарлажээ. Энэ алхам нь байгалийн гамшигт үзэгдлийн улмаас учирсан аливаа хохирлыг арилгахын тулд нөөцийг илүү чөлөөтэй ашиглах боломжийг олгодог. Хохирлын үнэлгээг хийж, муж улс холбогдох албаныхантай хамтран ажиллаж байна гэж тэрбээр мэдээлсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг