МЕХИКО, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /DW/. Мексикийн аюулаас хамгаалах хүчнийхэн хоёр удаагийн шалгалтаар нэг тонн гаруй фентанил хураан авсан нь тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний синтетик мансууруулах бодис хураан авсан тохиолдол юм.
Тэдний хураан авсан фентанилын хэмжээ 20 сая тун бөгөөд 400 сая ам.доллар буюу 380 сая еврогийн өртөгтэй гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Фентанилыг Ахоме хот дахь хоёр байршлаас илрүүлжээ.
Мексикийн албаныхны мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчнийхэн тагнуулын ажиллагаа болон олон нийтийн мэдээллийн дагуу мансууруулах бодисыг олж илрүүлсэн байна. Тодруулбал, мягмар гаргийн орой тэнгисийн явган цэргүүд хойд нутгийн Синалоа мужид буу барьсан хоёр эрэгтэйг илрүүлж, араас нь мөшгөснөөр 1.1 тонн мансууруулах бодисыг илрүүлжээ.
Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум лхагва гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, удаан хугацаанд үргэлжилж буй мөрдөн шалгах ажиллагааны дүнд Мексикийн түүхэнд хамгийн их хэмжээний фентанил хураан авлаа гэв.
Мексикт хураан авсан фентанилын хэмжээ огцом буурч, АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачид, мансууруулах бодисны урсгалыг бууруулахгүй бол Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа их хэмжээний фентанилыг хураан авч байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, нэгжлэг хийсэн цаг хугацаа нь санамсаргүй давхцал биш юм. Аюулгүй байдлын шинжээч Дэвид Сауседо хэлэхдээ, Мексикийн засгийн газар фентанил илрүүлсэн хугацааг зориудаар тааруулсан нь тодорхой байна гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Америк улс хар тамхины өлгий Мексикийн эсрэг хилийн хатуу хориг тавих нь зөв шүү дээ.
Буу барьж баригдсан хоёр эрэгтэйг нөгөө бүлэглэл нь их хорсож занаж байгаа да ! Тэнэгтэж гараад их хохирол учрууллаа гээд !