sonin.mn

Эрт балраас эхтэй араатанлаг шинж, зан авираа хүн төрөлхтөн хэзээ бүрмөсөн хаях, орхих юм бэ?


Хүмүүс бидний нэн эртний өвөг дээдэс бол (сүүлтэй, сүүлгүй) хүн дүрстэй мичүүд юм. Тэд анхандаа үр жимс, навч, үндэс, шувуудын өндөг, зарим шавьжаар хооллож байжээ. Аажимдаа тэд өвсөн идэштнээс холимог идэштэн, махан идэштэн, бүр араатны шинжтэй ч болсон бололтой. Яагаад гэхлээр тэдэнд амьтныг зууж барих, алах соёо шүд ч буй болжээ. Бүр нэлээд хожуу шатандаа махчин ч болсон ажээ. Энэ бол олон сая жилийн туршид явагдаж өнгөрсөн хувьсал, түүх юм. Махчин гэдэг нь өөртэйгөө адил төрөл, зүйлийн амьтны махыг иддэг гэсэн үг.


Өмнө дурдсан амьтан байх үеийн маань зарим нэгэн шинж, ааш авир мэдээжээр (оюун ухаантай хүн болж хувирсны дараа ч гэсэн) хүмүүст аль нэгэн хэмжээгээр үлдэж хоцорсон болох нь ч тодорхой билээ.


Ер нь бүх амьтдын, тэр дундаас зарим хөхтөн амьтдын нэгэн тод, чухал шинж бол тэдний амьдрах, идэш тэжээлээ олох орон зай, газар нутгаа булаацалдах, эзэгнэх ааш авир, шинж юм.  Ийм шинж ялангуяа бүх зүйлийн араатан амьтанд их тод харагддаг. Бидний өвөг амьтад (хүн дүрстэй мич, хүн төрхтэй бич, бичин хүн байхдаа ч) хувьсал, хөгжлийн бүх шатандаа л амьдрах орон зай, идэш тэжээлээ булаацалдаж тэмцэлдсээр иржээ. Бичин хүн болж чадсан шатандаа ч гэсэн том бага сүргүүд амьдрах газар нутгаа булаацалдан хүчтэй нь хүчгүйгээ, олон тоотой нь цөөн тоотойгоо хөөн зайлуулж, бүр устгаж ч байжээ. Чингэж бичин хүний зарим сүрэг хомосапиенс болж явах үе шатандаа ч устгагдаж сөнөжээ. Тийм хувь тавилан неандертальчуудыг ч тойроогүй бололтой. Тэд үхэгсдээ оршуулдаг хэмжээ, түвшний ухамсар, соёлтой болчихсон байсан гэгддэг билээ. Гэхдээ тэд бол яг хомосапиенс болж чадсан салаа, популяцийн өвөг нь биш гэгддэг. Энэчлэн бичин хүний түвшинд хүрээд мөхсөн өөр олон ч салаа байж болох ажээ. Тэдний зарим нь Африкт, мөн Австрали, Европт ч байсан, мөхсөн байж болох талтай. Бичин хүн ойролцоо бүс нутагт ойролцоо цаг үед үүсээд тэднээс цөөн хэд нь, бүр ганц том, хүчирхэг сүрэг нь л шалгаран үлдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.


Африкаас олдсон чулуужсан яс, Австралиас олдсон чулуужсан яс бичин хүниых мөн байлаа ч гэсэн эцсийн дүндээ шалгаран үлдсэн хомосапиенсийн шууд өвгийнх биш байж ч болох юм. Энэчлэн XXI зууны эхэн үеийн түвшин, байр сууринаас бодох, тооцох, эргэж нягтлах зүйл маш олон байгаа болно.


Хомосапиенсийн анхны сүргүүдээс тасран холдож хагас зэрлэг байдлаар энд тэнд, арал, хойгуудад амьдрах болсон зарим популяциуд ч амьдрах нутаг газраа булаацалдан тэмцэлдэж мөн л хүчтэй, тоогоор олон нь хүчгүйгээ, цөөн тоотойгоо устгаж, бүр махыг нь идэж ч байжээ. Амьдрах орон зайгаа, хоол хүнсээ, байгалийн баялгаа булаацалдан зөрчилддөг, бүр дайн тулаан хийдэг мөнхүү эртний бүдүүлэг шинж, харгис зан авираа сүүлийн 2000 жилд ч хүн төрөлхтөн аль нэгэн байдлаар дахин давтан гаргасаар л иржээ.


Энэ араатанлаг шинж, зан авир бүр одоо ч, XXI зуунд ч гарсаар, гай гамшиг тарьсаар, дайнд амь үрэгдсэн идэр залуу эрсийн булшаар, мөн дайны хөлд өртөж сүйрсэн хүүхэд, эмэгтэйчүүдийн булшаар хэд хэдэн бүс нутгийн оршуулгын газрыг дүүргээд байна.


Аль нэгэн улс, аль нэгэн үндэстэн, эсвээс аль нэгэн шашинтан, бүр аль нэгэн анги, бүлэг, мөн аль нэгэн арьстан (цагаан, хар, шар) өөрийгөө бусдаас нэн дээгүүрт тавьж, илүү их ухаантай, илүү их хөгжилтэй, илүү их хувь заяатай, бурхдаас шилэгдсэн, эзэд байх тавилан, зориулалттай мэтээр үзэж, тооцож бусдыгаа үзэн ядах, боолчлох, мөлжих, бүр устгахыг эрмэлзэх нь дэлхийн түүхэнд байсхийгээд л гарч, тохиолдож байжээ. Ялангуяа шинэ, дэвшилттэй гэгдэх болсон ямар нэгэн үзэл суртал буй болж, өргөн сурталчлагдаж, бүр тодорхой нэгэн угсаатан, анги, бүлгийн оюун санааг бүрэн эзэмдэх болсон нөхцөлд мөнхүү үзэл сурталд дөрөөлсөн дарангуйлал, хүчирхийлэл, дайн, аллага хядлага олон олон улс оронд зүрх шимшрэм, нүд хальтрам гамшгийг тарьж байжээ.


Хүмүүс оюун ухаандаа, үзэл сурталдаа, шүтдэг шашиндаа хөтлөгдөж, бүр боол нь болж амьдардаг. Хоёр өөр үзэл сурталд, хоёр өөр шашинд бүрэн автагдсан ах дүү хоёр нэгийгээ алж байсан тохиолдол ч олон буй. Хүү, охидыг нь эцэг, эхийн нь эсрэг үзэл сурталтай болгочих аваас тэд төрсөн эцгээ, эхээ ч хөнөөж чадна. Ингэхлээр үзэл сурталдаа, итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд хүмүүс сайн зүйлийг ч үйлдэж чаддаг, бас муу муухайг ч үйлдэж чаддаг ажээ. Энэ бол амьдрал, практикаар батлагдсан, нотлогдсон үнэн юм.


Аль нэгэн үзэл санаа олон түмнийг бүрэн эзэмдэх аваас тэр үзэл санаа материаллаг хүч, бодит хүч болж хувирдаг ажээ. Буруу, муу үзэл суртал хүмүүсээр бурууг л хийлгэнэ. Зөв, сайн үзэл санаа хүмүүсээр зөвийг л хийлгэнэ. Өмнө өгүүлсэн дээр тулгуурлаад хүмүүс бид үзэл суртал, том онол нэг бүриын үлдээсэн үр дагаврыг заавал ч үгүй тодруулж, тооцож байх ёстой. Тэр бүхнээс, бүр нэг бүрээс нь сургамж авч байх ёстой. Энэ талын өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, зөв үнэлгээ, дүгнэлттэй байх учиртай. Тэгж байж л хүмүүс бид оюун ухаантай амьтан болохынхоо ач тусыг олох, эдлэх ёстой.


Өнгөцхөн, тойм жишээ татъя. Социалист, коммунист үзэл онол (коммунист намын тунхаг) хүн төрөлхтөнд юу өгөв, ямар үр дагавар үлдээв?

Пролетарийн интернационализмын ач тус, өгөөж юу байсан бэ?

Дэлхийн нэг ба хоёрдугаар дайныг дэгдэхэд хүргэсэн үзэл санаа, хүйтэн дайны үеийн үзэл санаа, бодлого хэн хэнд, юу юунд хэрэг болсон, ямар ямар үр дагавар үлдээсэн бэ?

СССР-ийн задралыг үүдсэн үзэл санаа, НАТО-г өргөжүүлсэн үзэл санаа, бодлого чухамдаа юу байсан, ямар зорилго агуулсан, үр дагавар нь юунд хүргэв?

Орос-Украины дайны хоёр талын үзэл санаа, суртал, зорилго яг үнэндээ бол юу юм бэ?

Ганц төвтэй дэлхий, олон төвтэй дэлхийг хүсэх, зөвтгөх, тогтоохын цаад үндэс, зорилго, үзэл суртал нь юу юм бэ? Сайн, муу үр дагавар нь юу юу байх бол оо?

Даяаршлын үзэл санаа, зорилго, мөн ардчиллын үзэл санаа, зорилго чухам ямар байдлаар хэрэгжвэл зөв, зохистой юм бэ? Тэдгээр үзэл санаа, зорилго өнөөдөр зөв ашиглагдаж, орон орны ард түмэнд ач тусаа өгч байна уу, эсвээс буруугаар ашиглагдаж тухай тухайн орны ард иргэдийг хохироож байна уу?

Даяаршил болон ардчиллын талаарх үзэл баримтлал, түүниы хэрэгжилт чухам аль, ямар улсад зөв зүйтэй явагдаж, ач тусаа өгч байна вэ?


Даяаршил болон ардчилал аль алин нь л хүн төрөлхтөнг өөд нь татах, хөгжил, дэвшилд хүргэх ёстой шүү дээ. Гэтэл энэ хоёр үзэл санааг аман дээрээ яриад, тунхаглаад, яг хэрэг дээрээ бол ард иргэдийг хохироосон, аж байдлыг нь доройтуулсан, нийгмийг нь хөл толгойгүй болгож задалсан жишээ, баримт олон боллоо.


Тив болгонд л ийм сөрөг үр дүн, хор хохирол одоо ч гарсаар л байна. Ер нь дэлхийн I дайныг өдөөгчдийн нууц төлөвлөгөө, алсын зорилго нь юу байсан юм бэ? Дэлхийн II дайныг өдөөгчдийн гол зорилго бас юу болох, энэ хоёр дайныг өдөөгчид ямар үзэл санааны эзэд, хэрэгжүүлэгчд байв аа? II дайн бол дуусаагүй, бараг л удаан хугацаагаар завсарлага авсан дайн гэдэг нь одоо тодорхой болж байна. АНУ, Их Британи тэргүүтэй барууныхан ба Оросын хоорондох зөрчил, барууныхны дээрэнгүй үзэл суртал, дэлхийн хэдэн ч дайныг дэгдээж болох олон үндэс, шалтгаан, дээр нь нэмээд элдэв зүсмийн хонзогнол, газар нутаг ба хил хязгаарын маргаан хадгалагдсаар л, улиран үлдсээр л байгаа нь тодорхой болчихлоо. Объектив болон субъектив шалтгаантай зөрчлүүд сүлэлдээд, ужгирч архагшаад, ойлгоход ч бэрх, шийдвэрлэхэд ч бэрх, үнэн худал хоёрыг ч ялгахад бэрх, мөн ч хүнд байна даа...


Дэлхийн хэмжээний дайн Европод л гардаг, шинэ нь хуучныхаа үргэлжлэл болж л гардаг энэ архаг үзэгдэлд хэн, хэзээ цэг тавьж дуусгах байна аа?



Судлаач, профессор Д.Чулуунжав