sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тэрбумтан, сансрын жуулчин Жаред Айзекманыг сансар судлалын НАСА агентлагийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа мэдэгджээ.


"Нэр хүндтэй бизнес эрхлэгч, буяны үйлстэн, нисгэгч, сансрын нисгэгч Жаред Айзекманыг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн захирлын албан тушаалд дэвшүүлж байгаадаа би баяртай байна" гэж Д.Трамп олон нийтийн “Truth Social” сүлжээнд бичжээ.


Өдгөө 43 настай Ж.Айзекман төлбөр тооцооны “Shift4 Payments” компанийг удирддаг бөгөөд “SpaceX” компанийн хөлгийг сансрын нислэг үйлдэхэд ашигладаг арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.


Энэ оны есдүгээр сард Ж.Айзекман уг хөтөлбөрийн нислэгт оролцсон юм. Нислэгийн үеэр тэрбээр “Crew Dragon” хөлгийн ахлагчийн хувиар инженер Сара Жиллисийн хамт задгай сансарт гарч түүхэнд анх удаа задгай сансарт гарсан анхны сансрын нисгэгч бус хүмүүс болсон юм. 


Хэрэв түүнийг энэ албан тушаалд томилбол тэрбээр НАСА-гийн 25 тэрбум орчим ам.долларын төсвийг захиран зарцуулах эрхтэй болно. НАСА-гийн хэрэгжүүлж буй хамгийн чухал хөтөлбөрүүдийн нэг бол Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд эхлүүлсэн, Сар руу хүмүүсийг тээвэрлэх олон тэрбум ам.долларын өртөгтэй "Artemis" хөтөлбөр юм. 


"Жаред НАСА-гийн хөтөлбөрийг удирдаж, сансрын шинжлэх ухаан, технологи, судалгааны салбарт шинэ нээлт хийх замыг нээж, бидэнд урам зориг өгөх болно" гэж Д.Трамп онцолжээ. 


НАСА-гийн тэргүүнээр сүүлд томилогдож байсан хоёр хүн өмнө нь улс төрийн албан тушаал хашиж байсан юм. Д.Трампын үед НАСА-гийн тэргүүнээр Оклахома муж улсаас Конгресст сонгогдож байсан Жим Брайденстайн ажиллаж байв. Тэрбээр “Artemis” хөтөлбөрийг танилцуулж, агентлагийн санхүүжүүлтийг нэмэгдүүлэхийг Конгрессын гишүүдэд ятгаж байв. Ж.Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Флорида муж улсаас Сенатад сонгогдож байсан Билл Нельсоныг НАСА-гийн захирлаар томилсон юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг