sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. АНУ-ын 1.1 сая иргэний амь насыг авч одсон “COVID-19” цар тахал дэгдэх болсны шалтгааныг тус улсын Конгресс шалгаж дуусжээ. 520 хуудас бүхий тайланг цар тахлын нөхцөл байдлыг судалсан Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт тавих, хариуцлага тооцох асуудал эрхэлсэн хорооны дэд хороо танилцуулсан байна.


Конгрессын гишүүд хоёр жил явуулсан шалгалтын дүнд "вирус лабораториос алдагдсан байх магадлалтай" гэсэн дүгнэлтийг хийжээ.


Тайланд мөн Холбооны улсын түвшинд болон муж улсуудын түвшинд хэрэгжүүлсэн цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд, мөн ковидын вакцинуудын үйлчлэлд хийсэн дүн шинжилгээг хавсаргасан байна. "Энэхүү шалгалт нь дахин дэгдэж болзошгүй цар тахлыг урьдчилан таамаглах, түүнд бэлтгэх, хамгаалах, урьдчилан сэргийлэхэд АНУ болон дэлхийн улс орнуудад тусална" гэж дээрх хорооны дарга Брэд Венструп Конгресст илгээсэн захидалдаа онцолжээ. 


“SARS-CoV-2” вирусийг судлах ажлыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн санхүүжүүлжээ


Уг тайланд “SARS-CoV-2 вирус нь Уханийн вирус судлалын хүрээлэнгийн "лабораториос эсвэл судалгааны явцад" алдагдсан байж магадгүй" гэж онцлон тэмдэглээд, вирус нь байгаль дээр байдаггүй биологийн шинж чанартай байсан гэжээ.


Тайланд мөн вирусүүдийн "халдварлах чадварыг нэмэгдүүлэх" буюу вирустэй тэмцэх аргыг тодорхойлохын тулд Уханийн хүрээлэнгийн хийсэн судалгааг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн санхүүжүүлсэн гэдгийг дурдсан байна.


SARS-CoV-2 вирусийг хүнсний захаас илрүүлэхээс хэдэн сарын өмнө буюу 2019 оны намар уг вирустэй төстэй вирусний халдварыг Уханийн хүрээлэнгийн судлаачид авсан байсан гэж тайланд дурджээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг