Монгол Улсын Засгийн газар иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх үүднээс 2020 онд “E-Mongolia” системийг нэвтрүүлсэн. Өдгөө тус системд төрийн 86 байгууллагын 1255 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Төрийн үйлчилгээг иргэд цахимаар авахдаа 85 хувь нь гар утаснаас, 13 хувь нь суурин компьютероос, 2 хувь нь киоск машинаас авдаг.
Гэсэн хэдий ч “e-mongolia” системээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахад тулгамдсан асуудал олон байна. Тухайлбал,
- Хувийн хэвшил, арилжааны банкууд “e-mongolia” системийн лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй, иргэнээс төрийн цахимжчихсан үйлчилгээг цаасаар нэхэх,
- Хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээг цахимаар авах нь биечлэн авахаас илүү хүндрэлтэй, удаан шийдвэрлэгддэг,
- Гадаад паспортын зургийг “e-mongolia” системд оруулахад хүндрэлтэй байх
- Гадаад амьдарч буй иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах зэрэг олон асуудал иргэдийн өмнө тулгамдаж байна.
Энэхүү асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү И-Монгол академийн захирал Б.Мягмарнаран, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй уулзаж, асуудлыг хэлэлцлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс төрд байгаа иргэний цахимжсан мэдээллийг хувийн хэвшил, банкуудаар хүлээн зөвшөөрүүлэх асуудал дээр хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч тодорхой хэмжээнд үр дүнд хүрэхгүй байгааг дурдав. Тодруулбал, арилжааны банкууд ХУР системээс иргэний мэдээллийг татаж байгаа хэрэглээ маш өндөр байгаа ч “e-mongolia”-ийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүх, прокурор, цагдаагийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулахад хүндрэлтэй байгааг онцоллоо.
Харин гадаад буй иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхийн тулд Дипломат төлөөлөгчдийн газруудад мэргэшсэн бүртгэлийн ажилтнуудыг ажиллуулах саналаа Гадаад харилцааны яаманд өгсөн гэдгийг УБЕГ-аас тодотгов. Үүний зэрэгцээ, киоск машиныг БНСУ-ын Сөүл болон Бусан хотод ажиллуулж байна.
УБЕГ-ыг дарга У.Болдхүү “Төрийн цахим үйлчилгээг авах дэд бүтэц нь бүрдсэн хэдий ч хэрэглээ хангалтгүй байна. Үүний зэрэгцээ, цаасан архивын асуудал маш их хэмжээний орон зай, төсвийн зардлыг эзлэн байсаар байгаа нь түүний эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа гэдгийг онцлоод цахим шилжилтийг уриа лоозон биш бодит ажил хэрэг болгоход суурь болон процессийн хууль, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, иргэдийн мэдлэг, ойлголт, цахим ур чадварыг сайжруулах, Засгийн газрын түвшиндөө ойлголтоо нэгтгэх шаардлагатай байгааг дурдав. Үүний зэрэгцээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүхий л мэдээллийг агуулж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын сервер кибер аюулгүй байдлын хувьд хамгийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд энэ чиглэлд 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч хасагдсан гэдгийг хэлэв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
Ц.Баатархүү сайдын хувьд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг Оксфордын их сургуулийн эрдэмтдээр хийлгэж байгаа, үр дүн нь 12-р сарын сүүлд танилцуулагдана. Энэхүү судалгаанд суурилж, цаашдын авах арга хэмжээг тодорхойлно. Засгийн газар улсын төсөвт кибер аюулгүй байдлын тусгайлсан төсвийн ангилалыг бий болгох шийдвэр гаргасан. Түүнчлэн төрд байгаа өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюуныг шийдвэр гаргалтад ашиглах судалгааг хийлгэж буйг дурдав. Тэрбээр талуудын байр суурийг сонсож, “И-Монгол академи” болон “Үндэсний дата төв”-ийг асуудлыг судалж, ирэх 7 хоногийн сайдын шуурхай хурал дээр танилцуулах үүрэг өгөв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран суурь болон процессийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрд байгаа иргэний мэдээллийг нэхэхгүй байх, цаасан суурийг халах ажлыг эрчимжүүлэхээр тогтов.
Сэтгэгдэл3
МАН-ын улин хуцацагаадаг хаванцарууд
Улс төрийн шийдвэрээр ажил жаахан явах л байх... гээд суурь асуудлаа шийдээгүй бол шийдвэрлээд л байдаг... хийгээд л байдаг, үр дүнгүй гэдэг л болно. Суурь асуудал нь чадвартай хүний нөөц л юм. 10 чадваргүй инженер байснаас 1 чадвартай дэлхийн хэмжээний инженер байхад л өөрчлөлт ирнэ.
сүржин сүржин том ярьж, төсвөөс их л мөнгө зарцуулах юм, даанч үр дүн байхгүй ... тодорхой хугацааны дараа нөгөө л бахь байдаг хэвээрээ, байрнаасаа хөдлөөгүй дороо хий эргэсэн хэвээрээ ... яагаад Монголчууд бид ийм байдаг юм бол !?