sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ Бельгийн колони байх үед ээжүүдээс нь хүчээр салгаж, асрамжийн газруудад шилжүүлсэн таван эмэгтэйн хохирлыг Бельги улс барагдуулах ёстой гэж Брюсселийн шүүх даваа гарагт шийдвэрлэжээ. Брюсселийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх өөр нэг шүүхийн өмнө нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дээрх шийдвэрийг гаргасан байна. Давж заалдах шатны шүүгчид "хүн хулгайлсан хэрэг 70 жилийн өмнө болсон хэдий ч хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг тул хөөн хэлэлцэх хугацаагүй" гэж үзжээ.


“Ээжтэйгээ холбоо тасарсны улмаас учирсан сэтгэл санааны хохирол, мөн тэдний угсаа гарал, төрсөн газар орчноосоо тусгаарлагдсантай холбоотой хохирлыг нөхөн төлөхийг Бельги улсад үүрэг болгож байна” гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна. Мөн Бельги улсыг “хүнлэг бус хавчлага” үйлдсэн гэж үзжээ.


Хэргийн хохирогч болсон таван эмэгтэй бол Симоне Нгалула, Моник Биту Бинги, Леа Таварес Мужинга, Ноэлл Вербикен, Мари-Хосе Лоши нар юм. Тэд бүгд 1946-1950 оны хооронд төржээ. Бельгичүүд 1908-1960 онд одоогийн БНАКУ, 1922-1962 онд Бурунди, Руанда улсуудыг колонийн хяналтандаа байлгаж байсан юм. М.Бинги Британийн “The Guardian” сонинд ярилцлага өгөх үеэрээ, нэгэн цагаан арьстан хүн төрсөн тосгонд нь ирж байсныг дурссан бөгөөд тэр хүн Бингиг гурван өдрийн зайтай болох Христийн шашны зан үйлийн ёслолд оролцуулна гэж гэрийнхэнд нь хэлсэн байна. “Би уйлсаар л байсан, гэхдээ хэн ч надад тусламжийн гараа сунгаагүй” гэж 1953 оны тэр нэгэн өдрийн талаар хохирогч эмэгтэй дурсан ярьжээ.  


Энэ хэрэг нь Бельги улс Африкийг колоничилж байх үед эцэг эхийнх нь нэг нь өнгөт арьстан, нөгөө нь цагаан арьстан хүүхдүүдийн хувь заяаг олон нийтэд ил болгосон анхны тохиолдол юм.


Ихэнхдээ африк гаралтай эх, цагаан арьст аавуудаас төрсөн хүүхдүүдийг эцэг нь хүлээн зөвшөөрөхгүй эсвэл цагаан арьстнуудын нийгэмд амьдрахыг зөвшөөрдөггүй байжээ. Улмаар ээжүүд нь тэднийг өнөөгийн Бурунди, Руанда, БНАКУ-ын асрамжийн газарт өгөхөөс аргагүйд хүрсэн байна. Хэргийн хохирогч таван эмэгтэйн ярьснаар, бельгичүүд колонио алдах хүртэлх хугацаанд тэднийг католик шашны байгууллагуудад аваачдаг байжээ. Нарийвчилсан бүртгэл хөтлөөгүй тул хэчнээн хүүхэд ийм хэргийн золиос болсныг тодорхой хэлэх боломжгүй хэдий ч 15 мянга орчим хүүхэд бий гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Давж заалдах шатны шүүх эдгээр гэмт хэргийг “Өнгөт арьст эх, цагаан арьст эцгээс төрсөн хүүхдүүдийг системтэйгээр хайж, хулгайлах төлөвлөгөө” гэж нэрлэжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг