sonin.mn

АМСТЕРДАМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /VOA/. Лионель Месси, Криштиану Роналду нар Европын клубүүдэд тоглохоо больсон хэдий ч хөлбөмбөгийн ертөнцөд хүндлэл хүлээсэн хэвээр байна. Өдгөө 37 настай Месси, 39 настай Роналду нар дэлхийн хөлбөмбөгчдийн үйлдвэрчний эвлэл болох FIFPRO-гоос танилцуулдаг оны бэлгэдлийн шигшээ багт нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ. 


Жагсаалтад нийт 26 тоглогч багтсаны дотор 24 нь сүүлийн хоёр жилд Англи, Герман, Испани, Францын клубүүдэд тоглож байсан хөлбөмбөгчид ажээ. 


Жагсаалтад Италийн клубүүд, Өмнөд Америк, Африкийн клубүүдийн нэг ч тоглогч шалгараагүй байна. Килиан Мбаппе, Винисиус Жуниор, Жуд Беллингхэм тэргүүтэй “Реал Мадрид” багийн найман тоглогч, мөн “Манчестер Сити” клубийн Родри /“Алтан бөмбөг” шагналын эзэн/, Кевин Де Брюйне, Эрлинг Хааланд зэрэг долоон тоглогч багтжээ. Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Испанийн шигшээ багийн од болсон 17 настай, “Барселона”-гийн тоглогч Ламин Ямаль мөн жагсаалтад багтсан байна. Мессигийн хувьд тэрбээр одоо "Интер Майами" клубэд, харин Роналду Саудын Арабын “Ан-Haccp клубэд тоглож байгаа юм. 


Оны бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг 12 дугаар сарын 9-нд танилцуулна. 


Энэхүү багт хамгийн олон санал авсан хаалгач, мөн шилдэг гурван хамгаалагч, гурван хагас хамгаалагч, гурван довтлогч багтана гэж FIFPRO мэдээлжээ. Багийн арван нэг дэх гишүүн нь хамгийн олон санал авсан талбайн тоглогч байх болно. Санал хураалтад дэлхийн 70 орны 28 мянган хөлбөмбөгчин оролцсон гэж Нидерландад төвтэй тус үйлдвэрчний эвлэл мэдээлсэн байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг