sonin.mn

1. РИО ТИНТО УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД 10.2 ГА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЛАА


“Рио Тинто Монгол” компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлэв. Ингэснээр нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж байна.


Энэ талаар “Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид энэхүү төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болсон гэж найдаж байна.


“Рио Тинто” нь энэхүү ногоон байгууламжийг бүтээсэн нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан амьдралын чанарыг сайжруулж, урт хугацаанд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. “Рио Тинто Монгол” компани нь цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг дахин хоёр жил хариуцаж 2026 оноос хотын захиргаанд хүлээлгэж өгнө.


2. “ЭРҮҮЛ ОЙ” ТӨСЛИЙН БАГ МОНГОЛ ОРНЫ 1.1 ТЭРБУМ МОДЫГ ХӨНӨӨЛТ ШАВЖААС АВРАН ХАМГААЛЛАА


“Рио Тинто Монгол” компани Монгол орны ойн санг хамгаалах “Эрүүл ой” төслийг санаачлан Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2023 оны тавдугаар сараас ойн хөнөөлт шавжийн тоо толгойг бууруулах тэмцлийн ажлыг өрнүүлж, хоёр жилийн хугацаанд нийт 300 мян.га талбай дах 1.1 тэрбум модыг аюулаас аварлаа.


Ингэхдээ 2023, 2024 оны зун Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Төв аймгуудын нийт 22 сум болон Улаанбаатар хотын ногоон бүс, “Богд уулын дархан цаазат газар”, “Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор”-т газруудын хөнөөлт шавжид идэгдсэн ойд био бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг онгоцоор болон механик аргаар зохион байгуулав.


“Эрүүл ой” төсөл нь одоо байгаа ойн санг хамгаалахын зэрэгцээ ойн нөөцийн урт хугацааны тогтвортой менежмент хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж буй. Монголын ойн мэргэжилтнүүд АНУ-ын Ойн газрын “Тархалтыг хязгаарлах” хөтөлбөрт хамрагдаж практик туршлага судалж, дөрвөн судлаач, оюутанд хөнөөлт шавжийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны тэтгэлэг олголоо. Ойн хөнөөлт шавжтай тэмцэхээс гадна түймэр, ойжуулалт, зохион байгуулалтыг сайжруулахад олон улсад практик туршлагаар батлагдсан “EarthRanger” хиймэл оюун ухаанд суурилсан программыг Монголд нэвтрүүллээ. Ойн мэргэжилтэн, ойн эмч, салбарынханд EarthRanger программыг үр дүнтэй ашиглах сургалтыг зохион байгууллаа. Мөн уг платформыг бүх шатанд ашиглах иж бүрэн технологийн хамтаар Ойн агентлагт бэлтгэн өглөө. “Эрүүл ой” төслийн үр дүнд Монгол орны ойн санг эрүүл ногооноор нь хайрлан хамгаалах урт хугацааны тогтвортой стратегийг хэрэгжүүлэх үндсийг тавьж, эрүүл ой, чадварлаг боловсон хүчин, шинэлэг технологийг хүлээлгэн өгөөд байна.


3. УУЛ УУРХАЙН ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮДИЙГ МОНГОЛД БЭЛДЭНЭ


Бид дэлхийд тэргүүлэгч Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэр нээлээ.

Уг институтэд гадаад, дотоодын уул уурхайн мэргэжилтнүүд элсэн орсноор Оюу толгойн уурхайд олон улсын жишигт нийцсэн практик сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн хорин жилд дэлхий даяар уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын тоо мэдэгдэхүйц буурч, өндөр мэргэшсэн боловсон хүчний хомсдол бий болоод буй.


Энэхүү гүний уурхайн практик сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлснээр салбарын ур чадварын дутагдлыг бууруулахын зэрэгцээ, Монголын уул уурхайн салбарыг дэлхий дахинд таниулахыг зорьж байна.


Нээлтийн үйл ажиллагааны үеэр уг төслийг санаачлагч “Рио Тинто”-гийн Арилжаа, бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болд “Дэлхийн шилдэг уул уурхайн мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэх болсондоо тун баяртай байна. “Рио Тинто” групп 15 жилийн өмнө Монголын ирээдүйд итгэж хөрөнгө оруулжээ. Ийн бид ирж буй олон арван жил итгэлт түнш байхаа бататгаж байна” хэмээн онцолсон юм. Институтын сургалтын хөтөлбөр гүний уурхай, гео-техник, уул уурхайн инженерчлэл зэрэг инженерийн суурь агуулгад төвлөрөх бөгөөд сургалт боловсруулах, хүргэх чиглэлээр олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Харин 2026 оноос эхлэн гадаад, дотоодын уул уурхайн компаниуд хандан ажилтнуудаа сургах үүд хаалга нээгдэнэ.


4. МУИС-ИЙН “БАГШ, ОЮУТНЫ СТАРТАП-2024” (NUM STARTUP 3.0) ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ


Манай компани 2020 оноос хойш тус хөтөлбөрийг Монгол Улсын их сургуультай хамтран хэрэгжүүлж, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрт хими, физик, биологи, нанотехнологи, хүрээлэн буй орчны инженерчлэл, хэл шинжлэл, мэдээллийн технологи зэрэг салбарын технологи хөгжүүлэх, гарааны компанийн төсөл боловсруулах чиглэлд нийт 18 багийн 96 гаруй багш, оюутан бүртгүүлж, явцын шалгаруулалтаар 12 баг шалгарч, сургалтад хамрагдаж, шинэ санаагаа хөгжүүлээд байна. Хөтөлбөрийн эцсийн шалгаруулалтад багууд амжилттай оролцон дараах гурван төсөл шагналт байр эзлэн гарааны тэтгэлэг авлаа.


Нэгдүгээр байранд МУИС-ийн Инженер технологийн сургууль, Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн дэд проф. Э.Пүрэвдалай удирдагчтай “Ногоон дөл” буюу нарны зайн илүүдэл энергийг хуваарилах автомат төхөөрөмж хийх төсөл


Хоёрдугаар байранд МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Биологийн тэнхим, Хүнсний шинжилгээний лаборатори-Г.Оюундэлгэр удирдагчтай “Lactoslim” буюу айргаас гаргасан бактери дээр суурилан пробиотик үйлдвэрлэх төсөл


Гуравдугаар байранд МУИС, Инженер Технологийн сургууль, Нано материал судлалын лаборатори-дэд профессор Ж.Болдбаатар удирдагчтай баг “Hydroband Шархны гелин наалт” буюу бүх төрлийн зориулалттай кератин шархны гелин наалт хийх төсөл шалгарав.


5. ЮНЕСКО БОЛОН РИО ТИНТО ХАМТРАН МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ


НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО болон “Рио Тинто” групп хамтран Монгол Улсад анхны ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк байгуулах улмаар соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монголын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих анхны төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.


Энэхүү хамтарсан төсөл нь соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж түүгээрээ дамжуулан аялал жуулчлалыг дэмжиж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.


Түүнчлэн төслийн үр дүнг урт хугацаандаа хадгалах үүднээс салбарын хүний нөөцийг чадавхжуулж, чанартай хүртээмжтэй мэргэжлийн боловсрол, сургалт хөтөлбөрүүд боловсруулахад хамтран ажиллана. ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, “Соёлын болон геологийн өвийн аль алиныг тогтвортой хөгжилтэй холбосноор бид орон нутгийн иргэдийн аж амьдрал, сайн сайхан байдлыг дэмжсэн тогтвортой эко системийг бий болгохыг зорьж байна. Мөн нутгийн иргэдтэй нягт хамтран ажилласнаар бид энэхүү өвийн үр өгөөжийг орон нутгийн түвшинд хүртэж, Монгол орны соёлын болон геологийн өвөрмөц өвийг нутгийн иргэд өөрсдөө өмчлөх, түүгээр бахархах сэтгэлийг төлөвшүүлэхийг зорьж байна” гэж онцоллоо.


“Рио Тинто Монгол” ХХК захирал Х.Амаржаргал, “Бид Монгол Улсад хувийн хэвшлээс анх удаа ЮНЕСКО-той хамтран ажиллаж, тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны түншлэлийг байгуулсан билээ.


Өнөөдөр Монгол Улсад анхны ЮНЕСКО-д бүртгэлтэй Геопарк байгуулах түүгээрээ дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх анхны төслийн нээлтээ хийж байгаадаа туйлын их баяртай байна. Бид Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж, хөгжлийн түнш байхыг чухалчилдаг. Энэ утгаараа Монгол Улсын баялаг бөгөөд өөрийн гэсэн онцлог бүхий биет ба биет бус соёлын өвийг олон хэлбэрээр таниулахад дэмжлэг болохыг зорьж байна” хэмээв.Монгол орны геологийн болон соёлын өвийг хадгалан хамгаалж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэн, өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө бүх түншүүд хамтран ажиллах амлалт өгснөөр арга хэмжээ өндөрлөв.


6. МОНГОЛ УЛСЫН ДОТООДДОО БЭЛТГЭСЭН АНХНЫ ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕРҮҮД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА


ШУТИС, “Рио Тинто” групп, “Оюу толгой” компани хамтран Монгол Улсад анх удаа уул уурхайн амин сүнс болсон геотехникийн инженерүүдийг бэлтгэж, өнөөдөр анхны төгсөгчдөдөө бакалаврын диплом гардууллаа. Ингэснээр уул уурхайн нарийн мэргэжлээр сурах сонирхолтой залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн мэдлэг боловсрол эзэмшин, цаашид “Оюу толгой” төдийгүй олон улсын томоохон уурхайд ажиллах суурь нөхцөл бүрдэж байна. Геотехникийн инженер нь ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн хөрс чулуулаг, газрын гадаргын тогтцыг үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, цаашдын хувиралт, өөрчлөлтөд үнэлэлт өгдөг уул уурхай болон барилгын салбарт өндөр ач холбогдолтой мэргэжил юм. 


2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь 2.42 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд өдгөө ШУТИС-д нийт 100 гаруй оюутан суралцаж байна. Цаашид магистрын хөтөлбөр нэвтрүүлэх, олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг чадавхжуулах, судалгааны төв байгуулах хэтийн зорилготой. 


Уг хөтөлбөрийн хүрээнд Компьютерын лаборатори ШУТИС-д хүлээлгэн өгсөн бол “Оюу толгой” компанийн нэмэлт 366 мянган ам.долларын санхүүжилтээр Чулуулгийн лаборатори байгуулсан байна.


Энэхүү лабораториуд нь оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглаж сургалт судалгаа хийх, Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийн онцлогийг илүү нарийвчлан судалж, үйлдвэрлэлд ашиглах бодит боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой.


“Рио Тинто” групп, “Оюу толгой” компани нь Монгол Улсын уул уурхайн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг сургах, дээд боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд уг зорилгын хүрээнд боловсролын салбарын шинэчлэл хөгжилд түүчээлсэн олон улсын жишиг хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлнэ. 



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин