sonin.mn

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний ассамблей онц байдлыг зарлах тухай шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжсэний дараа Ерөнхийлөгч Юн Сог Ёль лхагва гаргийн үүрээр онц байдлын дэглэмийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Юн Сог Ёль гэнэт онц байдал зарласнаас хойш зургаан цагийн дараа буюу 04:30 цагт Засгийн газар онц байдлын дэглэмийг зогсоох саналыг баталжээ. Ерөнхийлөгч сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан засгийн газрын ажиллагаанд саад учруулж байна" хэмээн буруутгаж гаргасан уг шийдвэр улс орон даяар төдийгүй олон улс орны санааг чилээв.


"Онц байдлын дэглэмийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааз руугаа буцаж, байдал хэвийн болсон" гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэн байна.


“Өнгөрсөн шөнө 23:00 цагт миний бие улс орны үндсэн чиг үүрэг, Үндсэн хуулиар бий болгосон эрх чөлөөт тогтолцоонд саад учруулахыг оролдсон төрийн эсрэг хүчнээс улс орноо авран хамгаалахын тулд шийдэмгий байдлаар онц байдал зарлалаа. Гэхдээ Үндэсний Ассамблейн зүгээс онц байдлыг цуцлахыг шаардсан тул түүнийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүдийг эргүүлэн татаж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн төрийн албан тушаалтнуудын эсрэг импичмент зарлах оролдлого хийх зэргээр төрийн чиг үүрэгт саад тотгор учруулах гэсэн “бүдүүлэг” үйл ажиллагаагаа зогсоохыг Үндэсний Ассамблейд уриалж байгаагаа дахин илэрхийлсэн байна.


Хууль хүчингүй болсны дараа сөрөг хүчний бүлгийн гишүүд Юн Сог Ёлийг шүүмжилж, зарим нь Ерөнхийлөгчид импичмент зарлах саналыг санаачилна гэж сүрдүүлжээ.


Солонгосыг Сэргээн босгох намын бүлгийн дарга Хван Ун Ха хэлэхдээ, онц байдал зарласны дараа цэргийн алба хаагчдыг дайчилсныг зэмлэн буруушааж, импичмент зарлах саналыг дэмжих бодолтой байгаагаа илэрхийлжээ.


Онц байдал зарласан нь улс орныг төдийгүй гадаадын улсуудыг ч мөн цочирдуулсан шийдвэр байлаа. АНУ-ын албаны хүмүүс болж буй үйл явдалд ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлж, Өмнөд Солонгос дахь аливаа улс төрийн маргааныг тайван замаар шийдвэрлэнэ гэдэгт Вашингтон найдаж байгааг онцлон тэмдэглэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл олон нийтийн үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ, Өмнөд Солонгосыг албан ёсны нэрээр нь БНСУ хэмээн дурдаж, “БНСУ-д болж буй үйл явдалд бид маш их санаа зовниж байна” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгос-АНУ-ын эвсэл төмөр мэт бат бөх хэвээр байгааг дурдаад, асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриалав. “Улс төрийн аливаа маргааныг тайван замаар, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байгааг миний бие онцлон тэмдэглэхийг хүсэж байна, нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхээс хамааран холбогдох мэдэгдлийг хийх болно” гэж тэрбээр хэлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг