sonin.mn

БЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /TASS/. Хятад, Филиппиний хооронд газар нутгийн маргаантай байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх Хуанъянь арлын (Скарборо хад) орчмоос Филиппиний дөрвөн хөлөг онгоцыг шахан гаргалаа гэж БНХАУ-ын Тэнгисийн цагдаагийн газар мэдэгджээ.


Филиппиний эргийн хамгаалалтын 9701, 4409 дугаартай хөлөг онгоцууд, мөн 3002, 3003 дугаартай тээврийн хөлөг онгоцууд 12 дугаар сарын 4-нд "Хятадын Хуанъянь арлын бүс рүү нэвтрэн орсон" гэж уг мэдэгдэлд дурджээ.


“Филиппиний хөлөг онгоцууд хуулийн дагуу эргүүл хийж байсан Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд руу “аюултай зайд” ойртсон тул хуулийн дагуу арга хэмжээ авсан" гэж Тэнгисийн цагдаагийн газар мэдэгдсэн байна. Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх байгалийн хийн их хэмжээний нөөц илэрсэн Параселийн арлууд /Сиша/, Наньша бүлэг арал /Спартли/, Хуанъянь зэрэг арлуудын эзэмшлийн асуудлаар Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улсуудтай олон арван жилийн турш зөрчил маргаантай байгаа юм. 


2022 онд Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос төрийн эрхэнд гарсны дараа Хятад, Филиппиний харилцаа эрс муудаж, Филиппин, АНУ-ын цэргийн хамтын ажиллагаа идэвхжсэн байна.


Америкийн дунд тусгалын пуужингийн “Typhon” цогцолборыг Филиппиний нутаг дэвсгэрт тодорхойгүй хугацаагаар байрлуулахаар хоёр тал тохиролцсон байна. Уг цогцолбороор 1600 гаруй км-ийн радиус дотор буй байд тусах чадалтай “Tomahawk” пуужинг харвадаг. Энэхүү цогцолборыг энэ хавар болсон Филиппин-Америкийн цэргийн хамтарсан сургуулилалтын үеэр Филиппиний хойд нутагт байрлуулжээ. Хятадын эрх баригчид уг цогцолборыг байрлуулсныг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг