sonin.mn

ВИНДХУК, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /DW/. Намибийн ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч СВАПО намын нэр дэвшигч Нетумбо Нанди-Ндайтва эхний шатанд 57 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсныг сонгуулийн хороо мягмар гарагт мэдэгдлээ. 


Н.Нанди-Ндайтва нийт сонгогчийн 50-иас дээш хувийн санал авсан тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шаардлагагүй юм. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Намибийн ард түмэн энх тайван, тогтвортой байдлын төлөө саналаа өглөө” хэмээн мэдэгджээ.


Сонгуулийн хорооны мэдээлснээр, “Өөрчлөлтийн төлөөх бие даасан эх орончид” намын /IPC/ Пандулени Итулаг 26 хувийн санал авснаар хоёрдугаарт бичигдсэн байна. Тэрбээр намынхаа гишүүдийн хамтаар “алдаа мадагтай сонгуулийн дүнг эсэргүүцнэ" гэдгээ мэдэгджээ. Сонгуулийн ирц 77 хувьтай байв. Өдгөө 72 настай, одоогийн Дэд ерөнхийлөгч Н.Нанди-Ндайтва 1990 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Намибийн улс төрд давамгайлж ирсэн намаас нэр дэвшсэн бөгөөд ялах өндөр магадлалтайд тооцогдож байлаа. Гадаад хэргийн сайд зэрэг өндөр албан тушаалыг олон жил хашиж байсан тэрбээр дотооддоо төдийгүй хилийн чанадад хэдийнэ танил болжээ.


Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд СВАПО намыг дэмжигчдийн тоо буурч, ажилгүйдэл, тэгш бус байдал, авлига газар авсан нь энэ удаагийн сонгуулийн кампанит ажил маш өрсөлдөөнтэй явагдахад нөлөөлсөн байна. 


Мягмар гарагт зарласан сонгуулийн дүн бол СВАПО-гийн хувьд Намиби улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших хамгийн тааруу үзүүлэлт байлаа. Намибичууд мөн 11 дүгээр сарын 27-нд болсон сонгуулийн үеэр шинэ парламентаа сонгосон юм. СВАПО буюу "Баруун Өмнөд Африкийн Ардын байгууллага” нь 96 суудлын 51-ийг авсан бол IPC 20 суудал авч, албан ёсоор сөрөг хүчин болжээ. 


Санал хураалтын үеэр техникийн асуудал гарч, саналын хуудас дутсаны улмаас зарим газарт санал хураах хугацааг сунгасан нь сонгуулийн дүнг зарлах тов хойшлогдоход хүргэжээ.


IPC үүнийг "сонгогчдыг бухимдуулах санаатай оролдлого" гэж үзэж байгаа бөгөөд сонгуулийн дүн ямар ч гарсан байлаа гэсэн түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж өмнө нь мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт “олон тооны зөрчил гарсан” гэж П.Итула хэлсэн байна. 2028 оноос эхлэн Герман улс Намибиас их хэмжээний устөрөгч импортлохоор төлөвлөж байгаа, мөн Намиби ба Герман улсууд колончлолын үетэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулахаар төлөвлөж буй энэ үед Берлин уг сонгуулийг анхааралтай ажиглаж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг