sonin.mn

“Хятад улс зуун жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй бөгөөд эдийн засгийн асар их хөгжлийн нөөц боломжтой. Дэлхийн хоёр дахь том эдийн засагт үл итгэх нь алсын хараагүй үйлдэл болно” хэмээн Сингапурын төрийн зөвлөх Ли Сянь Лун байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Хятадад төрийн айлчлал хийх үеэрээ Хятадын хөгжлийн замнал, эдийн засгийн ирээдүйг өндрөөр үнэлж хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.


Энэ тухай Хятадын Олон Улсын радио: "Шинжээчдийн үзэж байгаагаар, Ли Сянь Лун Хятад улсыг олон улсын хамтын ажиллагааг урагшлуулж, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжиж байгаа талаар шударга үнэлэлт өгч, Хятад улсын эсрэг байр суурь илэрхийлэгчдийн дуу хоолойд няцаалт хийсэн байна.


Энэ удаагийн айлчлал нь Ли Сянь Лун Сингапурын Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаас хойш Хятадад хийж буй анхны айлчлал бөгөөд тэрээр Сүжөү, Бээжин, Шанхай зэрэг гурван хотод очиж, Хятадын хөгжлийн туршлагатай танилцжээ. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа тэрбээр Хятадад арваад удаа айлчилж байсан бөгөөд Хятад-Сингапурын харилцааг бэхжүүлэх, Хятадын хөгжлийн бодлого, гадаад харилцааны талаарх олон улсын ойлголтыг нэмэгдүүлэхэд Ли Сянь Лун болон түүний эцэг Ли Куан Югийн оруулсан хувь нэмэр ихээхэн байдаг.


2024 оны арван нэгдүгээр сарын 26-нд Ли Сянь Лун Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэр Ши Жиньпин Хятад-Сингапурын урт хугацааны харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Сингапурын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлжээ.


Ли Сянь Лун Хятадын цаашдын хөгжилд итгэлтэй байгаагаа онцолж, Сингапурын тал Хятад улсын "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл"-ийн үйл явцад идэвхтэй оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Хятад-Сингапурын Сүжөү дэх аж үйлдвэрийн парктай танилцахаас эхлээд Бээжинд хүрэлцэн ирж, Хятадын дээд удирдагчидтай уулзах хүртэл, ноён Ли Сянь Лун яагаад Хятадын талаар удаа дараа "өндөр үнэлгээ" өгсөн бэ? Юу түүнийг Хятадын ирээдүйн хөгжилд ийм итгэлтэй болгож байна вэ? Энэ нь зөвхөн Сингапур болон Хятадын хамтын ажиллагааны амжилттай туршлагаас гадна, Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг бодитоор, бүх талаас нь гүнзгий ойлгож байгаад оршино. Сүүлийн жилүүдэд олон улсад зарим хүмүүс "Хятад мөхнө", "Хятадын хөгжил туйлдаа тулсан" гэх мэт цуурхал тарааж, Хятадын хөгжил дэвшлийг хязгаарлахыг оролдсоор ирсэн. Гэвч Хятад улс баттай алхам алхмаар урагшилж, эдгээр сөрөг яриаг үгүйсгэж чадсан юм. Олон ажиглагчдын үзэж байгаагаар, дэлхийн эдийн засгийн удаашралын нөхцөлд ч Хятадын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалж байгаа нь тус улсын эдийн засгийн хүчтэй уян хатан чанар, идэвхжилтэй холбоотой.


Ли Сянь Лун Хятад-Сингапурын хамтарсан Сүжөүгийн аж үйлдвэрийн парктай танилцаж, Хятадын эдийн засгийн хөгжлийн боломж, хөдөлмөрийн хүчний нөөц болон дээд түвшний технологийн салбарын өрсөлдөх чадварыг сайшаажээ. Тэрбээр Хятадын хөгжлийн талаар сөрөг байр суурьтай цуу яриаг няцааж, бодит баримт, ололт амжилт дээр үндэслэсэн үнэлгээ өгсөн байна. Хэрэг дээр түүнтэй ижил төстэй байр суурьтай хүмүүс цөөнгүй. Жишээлбэл, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк Хятад улстай хамтын ажиллагааг онцлон, “Хятадгүйгээр өнөөдрийн амжилтад хүрэх боломжгүй байсан” хэмээн тэмдэглэжээ. Энэ нь Хятадын зах зээл, хөгжлийн асар их боломжийг тодотгохын зэрэгцээ хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх нь дэлхий нийтийн нийтлэг хүсэл байгааг батлан харуулж байна.  Ли Сянь Лунгийн айлчлал нь Хятадын ирээдүйд итгэх итгэлийг олон улсад дахин баталгаажуулж, Хятад-Сингапурын хамтын ажиллагааны үнэ цэнэ, ач холбогдлыг тодотгосон үйл явдал болов. Түүний өгсөн үнэлгээ нь зөвхөн улс төрийн үзэл бодол бус, бодит туршлага, хөгжлийн үнэлгээний үндсэн дээр хийгдсэн гэдгээрээ онцлог юм." гэжээ.


Г.Бямба