sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /Bloomberg/. АНУ-ын Холбооны худалдааны комисс (FTC) “Microsoft” корпорацад монополын эсрэг томоохон шалгалт хийж эхэлсэн тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.


Тодруулбал, хэрэглэгчдийг үүлэн программуудтай холбохын тулд “Microsoft”-ын оффисын программууд, аюулгүй байдлын программ хангамжуудыг ашиглаж байж болзошгүйг шалгаж байгаа ажээ.


Тус корпорац нь засгийн газрын томоохон гэрээлэгч бөгөөд Пентагон зэрэг янз бүрийн байгууллагатай олон тэрбум ам.долларын гэрээ байгуулдаг тул "Microsoft кибер аюулгүй байдлыг хангах тал дээр алдаа гаргасан байж болзошгүй" байгаа нь Худалдааны комиссынхны болгоомжлолыг төрүүлж байгаа ажээ. Энэ нь зах зээл дээрх  "Microsoft"-ийн өрсөлдөх чадварыг асуудалтай болгож байна" гэж Худалдааны комисс үзэж байна.


АНУ-ын Худалдааны комисс “Microsoft”-ыг жил гаруйн турш ажиглаж байгаа бөгөөд корпорацын бизнесийн түншүүд болон өрсөлдөгчидтэй нь хийсэн "албан бус яриа хэлэлцээ"-ний үр дүнд үндэслэн "шаардлагатай бүх мэдээллийг өгөхийг" хүссэн 100 гаруй хуудас бүхий хүсэлтийг “Microsoft”-д илгээжээ.


Монополын эсрэг асуудлыг эрхэлсэн хуулийн мэргэжилтнүүд Вашингтон муж улсын Редмонд хот дахь Microsoft -ын төв оффисын үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл цуглуулах зорилгоор тус компанийн өрсөлдөгчидтэй ирэх долоо хоногт уулзах ажээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг