ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /NHK/. “Panasonic корпорацыг үүсгэн байгуулагч Коносүкэ Мацүшита шиг мэдлэг, сэтгэхүйтэй хиймэл оюуныг (AI) Японд бүтээжээ. 1989 онд 94 насандаа таалал төгссөн Мацүшитаг япончууд бизнес эрхлэх гарамгай чадварыг нь үнэлж "менежментийн бурхан" гэж нэрлэдэг.
“Panasonic” компани болон PHP судалгааны хүрээлэнгийн хамтран бүтээсэн уг хиймэл оюуныг Мацүшитагийн дуу бичлэг, захидлууд, яриануудад тулгуурлан сургасан бөгөөд бизнес эрхлэгчийн сэтгэлгээг бүрэн дуурайж чаддаг болжээ.
Одоо түүнийг удирдлагад тодорхой шийдвэр гаргахад зөвлөгөө авах зэргээр компанийн дотоод үйл ажиллагаанд ашиглах ажээ. "Мацүшита байсан бол юу хийх байсан бэ?" гэдэг асуулт хиймэл оюунаас асуух гол асуулт ажээ. “Panasonic” компанийг өмнө нь удирдаж байсан, Мацүшитагийн ач хүү Масаюки Мацүшита уг хиймэл оюун нь өвөөгийнх нь сэтгэж, ярьдаг арга барилтай яг ижил байгаад гайхсан байна.
Хиймэл оюуныг хөгжүүлснээр хүн хөдөлмөрлөх шаардлагагүй болох уу гэсэн асуултад уг хиймэл оюун хариулахдаа, зарим талаараа хүний хөдөлмөр шаардлагагүй болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч хиймэл оюун нь хүмүүст “шинэ үнэт зүйлсийг бий болгоход” тусална гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй бизнес эрхлэгчдийн нэг гэгддэг Мацүшита “Matsushita Electric” корпорацыг 1917 онд үүсгэн байгуулсан байна. 2008 онд тус корпорац нэрээ хамгийн алдартай брэндийнхээ нэрээр “Panasonic” болгон өөрчилжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Chingis uvuuguu AI-r amiluulbal manai avarguud bugd tsaaz yavnadaa
Хаха. Үнэн2