sonin.mn

ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /BBC/. Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Жон Альфред Тиннисвуд 112 насандаа таалал төгссөн тухай ар гэрийнхэн нь мэдээлжээ. Тэрбээр өөрийн амьдарч байсан Саутпорт асрамжийн газарт даваа гарагт нас эцэслэсэн байна. Амьдралынхаа туршид “Ливерпүүл”-ийг хөгжөөн дэмжиж ирсэн Ж.Тиннисвуд энэ оны дөрөвдүгээр сард Хуан Висенте Перес Мора 114 насандаа таалал төгссөний дараа дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болсон юм.


“Титаник” хөлөг онгоц живсэн жил буюу 1912 оны наймдугаар сарын 26-нд төрсөн Ж.Тиннисвуд 2020 онд Их Британийн хамгийн өндөр настай эрэгтэй болжээ. Улмаар 2024 оны дөрөвдүгээр сард Гиннесийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй гэж бүртгэгдсэн байна.


Ж.Тиннисвуд ухаантай, шийдэмгий, зоригтой, тайван, математикийн авьяастай, бусадтай сайхан яриа өрнүүлдэг нэгэн байсныг ар гэрийнхэн нь дурсжээ. Дэлхийн II дайны үед Хааны армийн Санхүүгийн корпуст цэргийн алба хаах үед эдгээр зан чанар, чадвар нь түүнд ихээхэн хэрэг болсон бөгөөд тэрбээр нягтлан бодох бүртгэл, аудитаас гадна цэргүүдийн байршлыг тогтоох, хоол хүнсний хангамжийг зохион байгуулах зэрэг логистикийн ажлуудыг хийж байжээ. Ж.Тиннисвуд эхнэр Блодвэнтэйгээ 1942 онд гэрлэж, том охин Сюзан нь 1943 онд төрсөн байна. Улмаар 44 жил хамтдаа амьдарсны эцэст эхнэр нь 1986 онд нас баржээ. Дэлхийн II дайны дараа тэрбээр “Royal Mail” компанид, мөн хожим нь “Shell” болон “BP”-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1972 онд тэтгэвэрт гарсан байна. Түүний хайртай “Ливерпүүл” хөл бөмбөгийн клуб түүнийг төрөхөөс ердөө 20 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд тэрбээр улаануудын хүртсэн бүх 66 цомны хоёроос бусдыг нь /1901, 1906 оны лигийн эхний хоёр түрүү/ өргөсөн цаг үеийг үзэж туулжээ.


2012 онд 100 нас хүрснээсээ хойш Ж.Тиннисвуд жил бүр хааны гэр бүлээс төрсөн өдрийн мэндчилгээ хүлээн авч байсан бөгөөд эхлээд өөрөөсөө 14 орчим насаар дүү, талийгаач хатан хаан II Елизабетээс, хожим III Чарльз хаанаас авч байлаа.


Дэлхий дээр хамгийн өндөр насалсан эрэгтэй бол 116 нас 54 хоногийг зооглосон Японы иргэн Жироэмон Кимүра юм. Тэрбээр 2013 онд нас баржээ. Харин дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй, мөн хамгийн өндөр настай хүн бол Японы иргэн Томико Итоока бөгөөд өдгөө 116 настай ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг