2024 оны 11-р сарын 22-нд Бээжин хотноо хөгжиж буй орнуудын үндэсний засаглалын асуудлаарх дээд түвшний судалгааны төвүүдийн тав дахь удаагийн форум амжилттай болж өндөрлөлөө. Форумд 20 гаруй улс орон болон олон улсын байгууллагуудаас 200 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.
Уулзалтын үеэр оролцогчид, тэр дундаа нэр хүндтэй улс төрчид, эрдэмтэн судлаачид Хятад улсыг оролцуулсан "Дэлхийн өмнөд"-ийн орнууд барууны хэв маягийн шинэчлэлээс гадна өөрсдийн нөхцөл байдалд нийцсэн, харилцан ашигтай, шударга хөгжлийн загварыг эрэлхийлж буйг онцлов. Мөн Хятад маягийн шинэчлэлийн амжилтыг туршлага болгон судлах нь чухал болохыг тэмдэглэжээ.
Гайана улсын ерөнхийлөгч асан Дональд Рамотар видеогоор хэлсэн үгэндээ: Сүүлийн 50 жилийн хугацаанд "Дэлхийн өмнөд"-өөс "Дэлхийн умард" зүгт шилжсэн эд баялаг 150 их наяд ам.долларт хүрсэн. Барууны худалдааны загвар ихэнхдээ шударга бус, өндөр үнээр зарж, хямд үнээр худалдаж авах зарчмыг баримталдаг. Хөгжил, даяаршлын асуудлыг Хятад улс өөрийн өвөрмөц арга замаар шийдвэрлэж буй нь дэлхий дахинд үлгэр жишээ болж байна гэж онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, “Бүс ба Зам” санаачилгын олон улсын ногоон хөгжлийн хүрээлэнгийн хамтарсан дарга Эрик Солхайм хэлэхдээ: Хятад улс бол хөгжлийн баатар. Жишээлбэл, нарны эрчим хүчний салбарт Шаньдүн мужийн компаниуд фотоволтайк тоног төхөөрөмжийн үнийг 90%-иар бууруулсан нь хөгжиж буй орнуудын нарны эрчим хүчийг хүртэх боломжийг өргөжүүлсэн гэв.
Италийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Мишель Гераци хэлэхдээ: Хятад болон Европын хамтын ажиллагаа нь өрсөлдөөн бус, харилцан ашигтай хамтын ажиллагаа байх ёстойг Европын улс төрчид ойлгоосой гэж хүсэж байна гэжээ. 2023 оны байдлаар "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын нийт хүн ам 6 тэрбумд хүрч, дэлхийн хүн амын 70 гаруй хувийг эзэлжээ. Эдгээр орнууд дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг бүрдүүлж байна.
Хятад улс "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын чухал гишүүн орны хувьд 160 гаруй улсын хөгжлийг дэмжин, 150 гаруй оронтой "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 100 гаруй орон болон олон улсын байгууллагуудтай хамтран Дэлхийн хөгжлийн санаачилгыг урагшлуулсаар байна. Энэхүү форум нь "Дэлхийн өмнөд"-ийн орнууд орчин үеийн хөгжил, шинэчлэлийн арга замыг зөв тодорхойлох, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөв.
Г.Бямба
Сэтгэгдэл0