sonin.mn

Хятадын Үндэсний шуудангийн газраас гаргасан статистик мэдээллээс харахад, энэ онд тус улсад нэг хүнд дунджаар жилд 100 гаруй буухиа илгээмж хүргэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, секунд тутамд 5400 гаруй илгээмж хүргэгдэж байна гэсэн үг. Өдөр тутмын хүргэлтийн хамгийн өндөр ачаалал 729 сая илгээмжид хүрсэн бөгөөд 11-р сарын 17-ны өдрийн байдлаар Хятадын шуудангийн илгээмжийн жилийн хүргэлтийн нийт тоо 150 тэрбумыг давж, шинэ дээд амжилт тогтоожээ.  


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Буухиа хүргэлтийн зах зээлийн тогтвортой өсөлт нь макро эдийн засгийн таатай бодлогоос шууд хамааралтай. Хятадын холбогдох байгууллагууд эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн шинэчлэл, хуучин бүтээгдэхүүнийг шинээр солих зэрэг арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд хэрэглээний төрөл хэлбэр баяжиж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, анхан шатны хөдөө орон нутгийн зах зээлийг нээж, буухиа хүргэлтийн салбарын орлогыг ихээхэн нэмэгдүүлжээ.  

Мөн орчин үеийн эдийн засгийн стратегийн төлөвлөлт, хүртээмжтэй үйлчилгээний сүлжээ, технологийн дэвшил нь хүргэлтийн салбарт ахиц авчирсаар байна. Компаниуд автомат жолоодлоготой машин, дрон, ухаалаг ангилах төхөөрөмж зэрэг шинэлэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүргэлтийн хурд, чадавхыг нэмэгдүүлж, сүлжээний системээ улам төгөлдөржүүлжээ.  




Өнөөдөр зүү утас, давс будаа зэрэг энгийн зүйлсээс эхлээд хөдөө аж ахуйн том оврын тоног төхөөрөмж, хөргөгч, зурагт хүртэл өргөн хэрэглээний барааг гэртээ суугаад хуруугаараа гар утасныхаа дэлгэц дээр дараад л тухайн өдөрт нь хүргүүлдэг болсон байна." гэжээ.


Г.Бямба