Их 20-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт 18-19-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотод "Шударга дэлхий ба тогтвортой гарагийг байгуулъя" уриан дор болж байна. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хятад Улс хөгжлийн нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн төвлөрүүлж, олон талт хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн тогтвортой хөгжилд хүрэх талаар чухал санал бодлоо илэрхийлэхийг бид хүсэн хүлээж байна", "Бид Хятад улс яриа хэлцэл, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ахиулж, илүү шударга, илүү уужуу багтаамжтай дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог тогтоохыг хүсэж байна"... гэж сүүлийн хэдэн өдөр олон улсын олон нийт Хятад улс “Их 20”-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийд хөгжлийн шинэ боломжуудыг авчирна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Их 20-ийн хөгжилд Хятад улс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Өнөөгийн дэлхийн эдийн засагт ямар сорилт тулгарч байна вэ? Хэрэв та үүнийг ойлгосон бол дэлхий нийт яагаад энэ удаагийн Их 20-ын дээд хэмжээний уулзалтад Хятадын дуу хоолойг хүсэн хүлээж байгааг илүү сайн ойлгох болно.
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон форумын хувьд, Их 20 нь дэлхийн томоохон хөгжингүй эдийн засгийн цогцууд болон хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн цогцуудыг нэгтгэж, эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 85 хувийг эзэлж, дэлхийн хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг. 16 жилийн өмнө, олон улсын санхүүгийн хямралын хамгийн эгзэгтэй мөчид Их 20-ын дээд хэмжээний уулзалт болсон нь олон улсын хамтын ажиллагааг үр дүнтэй нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг "Их хямрал"-ыг давтахаас сэргийлж чадсан юм. Сүүлийн жилүүдэд Их 20 нь хямралын эсрэг хариу арга хэмжээ авах механизмаас урт хугацааны засаглалын механизмд аажмаар шилжиж, дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, уужуу багтаамжтай өсөлтийг дэмжих чухал индэр болсон юм.
Аливаа улс орны хувьд хөгжил бол хамгийн чухал билээ. Их 20-ийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс хөгжлийн асуудалд үргэлж анхаарлаа хандуулсаар ирсэн нь онцлог шинж юм. 2016 оны Их 20-ийн Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс анх удаа хөгжлийн асуудлыг Их 20-ийн хамтын ажиллагааны чухал байранд тавихыг урагш ахиулсан юм. 2022 оны Их 20-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс илүү уужуу багтаамжтай, илүү хүртээмжтэй, илүү уян хатан чанартай дэлхийн хөгжлийг ахиулах хэрэгтэйг онцолсон. Хятад улс мөн "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлж, идэвхтэй хэрэгжүүлсэн бөгөөд Их 20-ийн гишүүн орнуудыг санаачилгын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтаар ахиулахыг сайшааж байна. Их 20-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалж буй Бразилын санал болгож байгуулсан "Өлсгөлөн ба ядуурлын эсрэг" ажлын хэсэгт Хятад улс ядуурлыг бууруулах бодлого, технологийн шинэчлэлийг олон удаа хуваалцаж, харилцан солилцож ирсэн бөгөөд хамгийн идэвхтэй, гол чухал гишүүдийн нэг болсон юм.
Хятад улс инновацийн хөгжил, ялангуяа дижитал эдийн засаг, ногоон хөгжлийг үргэлж чухалчилсаар ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, энэ жилийн Их 20-ийн хамтын ажиллагаанд Хятад улсын тавьж буй томоохон хүлээлт бол дижитал эдийн засгийн боломжийг ашиглах явдал бөгөөд өндөр чанартай дижитал түншлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлж, нээлттэй, уужуу багтаамжтай, ялгаварлан гадуурхахгүй дижитал эдийн засгийн орчныг бий болгохыг Их 20-ийн гишүүдэд хүсэж байна. Үүнээс гадна, ногоон болон нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах, байгаль орчныг хамгаалах, эрчим хүчний өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон бусад салбарт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Хятад улс уриалж байна. Их 20-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтын чухал нэгэн хөтөлбөр бол дэлхийн ногоон болон нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай хөгжлийг авч хэлэлцэх явдал ажээ. Энэ нь Хятад улс дэлхийн тогтвортой хөгжилд илүү их түлхэц өгнө гэсэн хүлээлтийг дэлхий нийтэд төрүүлж байна.
Энэ удаагийн Их 20-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Хятад улсын хөгжлийн үзэл ойлголт, бодлогын үзэл баримтлалтай нийцэж байгаа нь харагдаж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс талуудтай хамтаар хамтдаа хөгжихийг эрэлхийлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнц, хүртээмжтэй уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг хамтаар дэмжих болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0