РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Бразилын нийслэл Рио-де-Жанейро хотноо өчигдөр эхэлсэн “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтын үеэр өлсгөлөн, ядууралтэй тэмцэх Олон улсын холбоог байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва мэдэгджээ.
“Өлсгөлөн, ядуурал бол хүнс бараа бүтээгдэхүүний хомсдол эсвэл байгалийн үзэгдлээс үүдэлтэй зүйл биш юм. Харин хүн төрөлхтний дийлэнх хэсгийн эрх ашгийг үгүйсгэсэн улс төрийн шийдвэрүүдээс үүдэлтэй" гэж Бразилын Ерөнхийлөгч даваа гарагт уулзалтыг нээж үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Өлсгөлөн бол "хүн төрөлхтнийг гутааж буй толбо" гэж тэрбээр нэмж дурджээ. Энэхүү санаачилга нь Бразил улс G20-ийг даргалах хугацаандаа хэрэгжүүлэх гол ажлуудын нэг бөгөөд дэлхийн 81 оронд олон нийтийн дэмжлэгийг авсан байна. Энэ хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан туршлага солилцож, холбогдох арга хэмжээнүүдийг уялдуулахаар төлөвлөжээ. “Энэхүү санал санаачилга бол манай улсын үлдээж буй гол өв мөн” гэж Лула да Силва онцолжээ. Тэрбээр хэлэхдээ, өлсгөлөн, ядууралтай тэмцэх нь дэлхий дахинд энх тайвныг тогтооход эн түрүүнд шаардлагатай нөхцөл юм хэмээн тэмдэглэжээ. Америк хоорондын хөгжлийн банк энэ санаачилгад 25 тэрбум ам.доллар хандивлана гэдгээ мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
социализмын үед л чехийн нэг хүн 30 цамц өчнөөн гуталтай байв одоо үед ёвропийн хувцасны шизофрени байгалын баялгийг тансаглан устгаж баялаг нь дуусахаар бусдын газар нутаг баялгийг дээрэмдэх украйны дайныг өдөөж зэвсэглэж байна түүний орон нефтийн бүтээгдэхүүнээс махаа их хэмжээгээр үйлвэрлэмээр байна өлсгөлөн дайнаас болдог