СУХУМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Өөрийгөө зарлан тунхагласан Абхаз улсын сөрөг хүчнийхэн тус улсын төрийн тэргүүн Аслан Бжания албан тушаалаасаа огцрохоос татгалзсан тохиолдолд түр засгийн газар байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
“Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, улс орныг сүйрлээс аврахын тулд сөрөг хүчин ийм алхам хийж байна” гэж Гүрж-Абхазын дайны ахмад дайчдын "Аруаа" байгууллагын дарга Тимур Гулия мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн түр засгийн газарт одоогийн хэд хэдэн сайд багтаж магадгүй гэдгийг мэдээлжээ. Үүний зэрэгцээ жагсагчид Засгийн газрын цогцолборын эргэн тойронд өнгөрсөн хавар босгосон хашааг буулгаж эхэлсэн байна. Сөрөг хүчний удирдагчдын нэг болох Адгур Арзинба мэдэгдэхдээ, Бжания энэ хашаагаар "өөрийгөө ард түмнээсээ тусгаарлахыг" хүссэн гэжээ.
Харин Абхазын тэргүүн мэдэгдэхдээ, сөрөг хүчнийхэнтэй харилцан буулт хийж, тохиролцоонд хүрч чадаагүй гэжээ. Өөрийгөө зарлан тунхагласан тус Бүгд найрамдах улсын тэргүүний ээлжит бус сонгуулийг явуулснаар хямралаас гарах боломжтой гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлээд сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. "Абхазын олон үндэстний ард түмэн хэнийг ерөнхийлөгч болгохыг хүсэж байгааг сонгууль харуулна" гэж А.Бжания “Апсныпресс" агентлагт ярьжээ.
Тэрбээр мөн жагсагчдад хандан засгийн газрын цогцолборыг орхин явахыг уриалсан байна. Дараа нь тэрбээр сонгууль зарлана гэж амлаж, огцроход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Жагсагчид А.Бжаниягийн ээлжит бус сонгууль явуулах саналыг эсэргүүцэж, засгийн газрын цогцолборыг орхин явахаас татгалзаж байна.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Абхаз Улсад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон шалтгаан нь Оростой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ юм. Энэхүү баримт бичиг нь Оросын компаниудад тус бүс нутагт хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм. Москватай байгуулсан уг гэрээ нь “ашиг сонирхлоо гаргуунд хаясан хэрэг” гэж Абхазын сөрөг хүчнийхэн үзэж байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Д.Жаргал
Сэтгэгдэл3
Тэгнээ тэр
Тэгнээ тэр
абхазад орсыг эсэргүүцсэн дайн салахгүйнээ Уулынхны зэрлэг зожиг бүдүүлэг бөөрөлхүү дээрэмчин байнга дүрсхийсэн хутга сэлмээ сугалдаг явдал өөрийгөө сөнөөнөө